УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Чингис хаан

Долоон зуун жилийн өмнө нэгэн хүн бараг бүх дэлхийг эрхэндээ оруулжээ. Тэрээр үл мэдэх эдгээр нутаг орнуудынхаа эзэн болж, хүн төрөлхтөнд олон үеийн турш айдас хүйдэс төрүүлэх болсон болой. Амьдралын нь туршид түүнийг хүмүүнийг хядагч, бурхны гэсгээлт, төгөлдөр дайчин, хаан сэнтий, титмийн эзэн гэх мэт янз бүрээр нэрлэн байсан бөлгөө. Тэр хүн энэ бүх нэр цолд үнэхээр тохирч байснаараа бусад төр баригчдаас ялгарч байв. Александр Македонский, Юлий Цезарь нараас авхуулан Наполеоныг хүртэлх аугаа их хүмүүсийн нэрсийг бид дуулж мэдэж байсан боловч Чингис хаан байлдан дагуулагчийнхаа хувьд бүгдийн мэдэх Европын түүхийн тавцан дээр ихэд тодорсон хүмүүсийн дэргэд илүү жин дарах, өргөн далайцтай зүтгэлтэн гарцаагүй мөн. Нийтийн мэдэх ойлголт ухагдахуунуудыг хэрэглэн түүнийг үнэлж дүгнэхэд тун ч хэцүү. Тэр хүн цэрэг эрсээ дагуулан хаа нэгэнтэйг зорьж явсаар туулсан замыг нь миль юмуу, бээрээр бус, харин уртраг өргөргөөр хэмжихээр байсан агаад тааралдсан хот балгадууд нуранги балгас болгон газартай тэгширч, гол мөрнүүд голдрилоо өөрчлөн, говь цөл дүрвэгсэд ба үхэгсдээр дүүрч байсан юм. Тэднийг явж өнгөрсөн газарт саяхан хүн амьтнаар дүүрэн байсны оронд өлөн чоно, өлсгөлөн хэрээ хоёр л эзэн болж хоцордог байв. Хүмүүсийг ийнхүү цус урсган хядаж байсан нь орчин үеийнхнийг, тэр ч байтугай дэлхийн хоёрдугаар дайны тухай төсөөлөл бүхий юм үзсэн толгойг ч цочирдуулдаг. Говь цөлийн дундаас гэнэтхэн гарч ирсэн Чингис хаан соёлт ертөнцтэй дайн хийн ялалт байгуулсан байна. Энэ нь чухамдаа юу гэсэн уг байв аа гэдгийг ойлгож мэдэхийн тулд бид XIII зуунд эргэж очих хэрэгтэй болж буй авай. Ер бусын хүчин чадалтай харь гаригийнхан ирснээр л зөвхөн газар хөдөлдөг агаад ертөнцийн төгсгөл дөхөж буйн шинж мөн гэж магоментанчууд итгэл төгс байсныг бид олж үзнэ. “Монголчууд хийгээд назарчуудын довтолгоон гэсэн хоёр галын хооронд орох ийм байдалд лалынхан хэзээ ч хүрч байгаагүй сэн” гэж нэгэн шаштирч өгүүлсэн байдаг. Чингис хааныг хан тэнгэртээ хальсны дараа монголын догшин морьтнууд Өрнөд Европоор хуй салхи адил хурдлан өнгөрсний дараа Христийн ертөнцийн бүр бүхэл бүтэн үеийнхэн ч айн балмагдсан байдлаасаа гарч чадахгүй л байжээ. Польш, Унгарын эзэд Болеслав, Бела хоёр тулалдааны талбараас шууд дутааж, Силезийн герцог, Генрих болон түүний хүлэг баатрууд Лигницийн дэргэд монголчуудын суманд шувт харвуулан унаж, Оросын их ван Юрийтэй заяа нэгдсэн байдаг. Кастилийн үзэсгэлэнт хатан хаан Бланш авхай хутагт Людовигээс: “Миний хүү, чи хаана явна вэ?” хэмээн гашуудалтайгаар асууж байлаа. Арай жаахан сөгөөтэй Германы II Фридрих ван, Английн ван III Генрихт захидал илгээн "Татарчуудын довтолгоон бол хийсэн гэм нүглийн нь төлөө Христийн ертөнцөд ногдуулсан бурхны цээрлэл, татаарууд өөрсдөө бол алт мөнгийг шүтэн биширч байгаад түүнийхээ төлөө Азийн их цөлд хаягдсан Израил арван аймгийхны удам судар гарцаагүй мөн" хэмээн байв. Монголчууд бол хамгийн сүүлчийн аймшигт ургацаа хураахаар ирсэн Христийн дайснуудын цэрэг мөн гэж алдарт Роджер Бекон хэлж байжээ. Энэ итгэлийг Христийн дайсныг найрлах тэр өдөр Азийн уулсын чанад дахь Гога, Малога орноос дарс, давс, талх гурвыг хэрэглэдэггүй, хир буртгаа үл угаадаг түрэг омгийн бохир нэгэн арьстан ирж бүх ертөнцийг зовлонд унагана хэмээдэг Иеремия гэгээнтнийх гэж эндүү санаж ирсэн нэгэн сонин зөгнөл улам бататгаж байлаа. Монголчуудын довтолгооныг саатуулах арга хэрэгсэл олох гэсэндээ пап лам Лион хотын зөвлөлийг хуралдуулснаар “Гуйланчлагч” бүлэглэлийн гишүүн, бүхний хүндэтгэл хүлээсэн зоримог гэлэн Джованни дель Плано Карпини Папын засгийн бүрэн эрхт элчээр монголчууд руу оджээ. “Бидэнд тулгарах аюул гарцаагүй болов. Бурхан сүмийн тусын тулд явлаа”. Хийдүүдэд монголчуудын “тахлыг” зайлуулах хурал хурж, уншлага залбирал хийж байв. Чингис хаан хэрвээ зөвхөн эвдрэл сүйрэл, хүн төрөлхтний дэвшлийн дөнгө тушаа л авчирсан юм бол хоёр дахь Аттила буюу зорилгогүй тэнүүчлэгч аюулт Аларихаас ялгагдах юм ер байхгүй, зорилгогүй билээ. Гэвч энэхүү хорон амьтан басхүү Төгөлдөр дайчин, хаан сэнтий болон титмүүдийн эзэн байсан болой. Энд ч бид Чингис хааныг тойрон хүрээлсэн нууцтай тулгарч байна. Нүүдэлчин, анчин, малчин эр гурвын эзэнт гүрнийг эрхшээлдээ оруулж, соёлт хотыг насандаа ч үзэж байгаагүй, бичиг үсэг үл мэдэх бүдүүлэг амьтан, ард түмэн сахин мөрдсөн иж бүрэн хуулийг боловсруулан бий болгожээ. Жанжны авьяас билгийнхээ хувьд Наполеон европчуудаас хамгийн гарамгайд нь тооцогдоно. Гэхдээ тэрээр өөрийнхөө армийг Египетэд гаргуунд гарган орхиж, бас нэг армийнхаа үлдэгдлийг оросын цасан дунд үлдээснийг бид мартах ёсгүй юм. Эцэст нь тэрээр Ватерлогийн дэргэд ялагдсан агаад түүний эзэнт улс нүдэн дээр нь задран унаж, түүний боловсруулсан хуулийг нүүрэн дээр нь урж, эзэн хаантныг өөрийг нь амьд ахуйд өв залгамжлуулах эрхийг нь хассан билээ. Түүний хийж бүтээсэн үйл хэргийн үүх түүх тэр чигээрээ жүжиг шиг санагдаж, Наполеон өөрөө жүжигчин мэт төсөөлөгддөг авай. Зайлшгүй шаардлагын улмаас бид Александр Македонскийг, хийсэн ялалтаараа алдар нь түгсэн халуун цочмог энэхүү залуу хөвүүнийг, Чингис хаанд дөхөж очих суут байлдан дагуулагч энэ хүнийг авч үзэх хэрэгтэй юм. Бурхан адил Александр ярайтал жагссан цэрэг эрсээ наран ургах зүгт аян дайнд дагуулан явахдаа Грекийн соёлын аль сайн сайхныг өөртэйгөө хамт авч явсан болой. Тэрээр хоёр жилийн дотор байгуулсан ялалтуудынхаа алдар нэрийн оргил дээр очиж нас барсан бөгөөд нэр нь өнөөдөр Ази түмний домог үлгэрүүдэд дуурссаар байна. Тэр хоёрыг зөвхөн ертөнцөөс хальсны дараа л аль алины нь амьдралдаа хүрсэн тэрхүү түвшингүүдийн зааг ялгаа гарсан бөгөөд харьцуулахын ч аргагүй байлаа. Александрын жанжнууд түүний төрсөн хүү амь буруулан зугтахаас өөр аргагүй болсон тэрхүү эзэнт гүрний төлөө асар удалгүй өөр хоорондоо тулалдаж эхлэв. Чингис хаан Арменаас Солонгос хүртэл, Төвөдөөс Ижил мөрөн хүртэл үргэлжилсэн уудам газар нутгийн их эзний байр сууриа асар батжуулсан учир төрсөн хүү нь хэний ямар ч эсэргүүцэл үзэлгүйгээр үе залгамжилж, ач хүү Хубилай нь ертөнцийн тэн хагаст эрх мэдлээ түгээн дэлгэрүүлжээ. Бүдүүлэг эрийн гараар ид шидтэй юм шиг бүтээгдсэн энэ эзэнт гүрэн түүхчдийг үнэнхүү гайхширалд оруулав. Английн түүхч эрдэмтдийн зохиосон, түүний эрин үеийн тухай хамгийн сүүлчийн түгээмэл түүхийн номонд энэхүү явдлыг тайлбарлаж үл болно хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. “Эцсийн эцэст Шекспирийн суут ухаанаас илүү тайлбарлаж үл чадах Чингис хааны хар муу шинж чанарыг” хачирхаад хачирхаад барахгүй байгаагаа нэгэн нэр хүндтэй эрдэмтэн илэрхийлсэн байдаг. Чингис хааныг хувь хүний нь хувьд биднээс нуун далдлахад олон юм хүргэсэн ажээ. Наад зах нь гэхэд л монголчууд бичиж чаддаггүй, сурах гэж ч оролддоггүй байсан аж. Түүний гайгаар тэдний үеийн түүх шаштир уйгур, хятад, перс, арменуудын хэсэг бусаг бичээс тэмдэглэлүүдэд л хадгалагдан үлджээ. Ингэхлээр аугаа их монголчуудын түүхийн он дарааллын бичгийг тэдний дайснууд л хамгийн сайн үйлдэж байсан байна. Байлдан дагуулагчдад үнэлэлт дүгнэлт өгөхдөө энэхүү бодит баримтыг умартаж болохгүй юм. Тэдний хувьд монголчууд харийн аймгийнхан байснаар үл барам XIII зууны европчуудын өөрсдийн нь газар нутгаас цааших шашин ертөнцийн тухай төсөөлөл нь тун ч бүдэг бадаг байсан ажээ. Үл мэдэхийн харанхуй дундаас гэнэтхэн гарч ирсэн монголчуудтай тэд тулгарсан бөгөөд монголчуудын довтолгооны бүхий л аймшгийг биеэрээ амсаж туулан энэхүү сүрэг хүмүүс хэрхэн цааш, тэдний үл мэдэх өөр газар орон луу одохыг харжээ. Монголчуудаас үзэж туулж хүртсэн зүйлээ нэгэн магометан хүн товчхон илэрхийлж “Тэд гарч ирэнгүүтээ эвдэн сүйтгэж, шатааж, алж хядаад олзоо хаман авч алга болон далд орлоо” гэсэн гэдэг. Янз бүрийн иймэрхүү эх сурвалжуудыг уншиж, харьцуулан жишихэд маш хүнд байгаа юм. Энэ талаар нэлээд амжилтанд хүрсэн Дорно дахиныг судлаачид ихэвчлэн монголчуудын байлдан дагуулсны улс төрийн талыг анхаараад дуусдаг. Тэд Чингис хааныг унаж доройтсон соёл иргэншлийг эвдэн сүйтгэхийн тулд говь цөлийн дундаас үе үе гарч ирдэг зэрлэгүүдийн хүч чадлын бэлгэдэл, гэсгээлт мэтээр бидэнд ойлгуулж байсан билээ. Саган сэцний шаштир ч үүнийг тайлбарлаж, нууцыг нь нээгээгүй байна. Тэнд зүгээр л Чингис хааныг Бурхдын арьстнаас гарвалтай тэнгэрээс заяасан Богд гэжээ. Нууцын хүрээнд ид шид гарч ирж байна. Дундад зууны үеийн Европын түүхэнд монголчуудад орж нуугдаад Европт гадагшлан гарч ирсэн чөтгөр шулмын их хүчин гэдэгт итгэх итгэл бий болжээ Өнөөгийн түүхчид XIII зууны үеийн мухар сүсэгтнүүдийн хэлж ярьдгийг бараг дахин дахин давтаж байгаа нь дургүй хүргэнэ. Чингис хааны нүүдэлчдийг улайм цайм булаан эзлэгчид болохыг нь огт хараагүй байсан Европын тухай ярих үед бүр л тийм болно. Чингис хаантай холбогдох нууцыг задлах нэг найдвартай арга байгаа юм. Энэ бол цагийн зүүг долоон зуун жилээр ухраагаад Чингис хааныг ид шидтэн юм уу, зэрлэг бүдүүлгийн сүр хүчний биелэл маягаар бус, харин бодит хүн гэдгээр нь, тэр үеийн он дарааллын бичиг тэмдэглэлүүдэд хэрхэн яаж бууснаар нь харах явдал мөн. Бидэнд монголчуудын улс төрийн ололт амжилт бус харин монголчуудыг хэн ч үл мэдэх нэгэн аймгийн зиндаанаас ертөнцийн эзэд болтол нь өөд өргөн дэвшүүлсэн тэр хүн хэн байв аа гэдэг нь л сонин байгаа юм. Энэ хүнийг ойлгохын тулд бид 700 жилийн өмнөх нутаг дэвсгэр дээр нь очиж, өөрт нь болон тойрон хүрээлэгчдэд нь зүгээр л ойртож үзэх хэрэгтэй болой. Өнөөгийн соёл иргэншлийн хэмжүүрээр түүнийг бид яагаад ч үнэлж цэгнэж болохгүй. Морь унан давхиж, буга гөрөөсийг тээврийн хэрэгсэл болгон ашиглаж байдаг нүүдэлчин, анчдаар дүүрэн тал нутгийн хатуу ертөнцийн үзэл санааны үүднээс бид тэр хүнийг авч үзэх ёстой. Тэндхийн хүмүүс амьтны арьсаар хувцас хунар хийж, мах сүүгээр нь хооллоно. Тэд ус болон хүйтнээс биеэ хамгаалахын тулд өөх түрхэнэ. Тэдний хувьд бол өлсөж, хөлдөж үхэх, эсвэл дайсныхаа мэсэнд нэвт сүлбүүлж үхэхийн хооронд ямар ч ялгаа байхгүй. Тэр газар оронд хамгийн түрүүлж очсон европ хүн болох эрэлхэг Плано Карпини бичихдээ: “Их, бага ямар ч хот энд байхгүй бөгөөд газар сайгүй элсэн цөл харагдана. Үржил шимтэй гэхээр газар өчүүхэн төдий ч үгүй ба голын усаар ундаалсан хэсэгхэн газар хааяа нэг тааралдана. Эндхийн газар нутагт мод гэх юм бараг байхгүй боловч бэлчээрийн хувьд тун ч тохиромжтой аж. Эзэн хаан, хан хөвүүд ч гэсэн бусдынхаа нэгэн адил адуу, үхрийн баасыг түлш болгон түлж дулаацахын зэрэгцээ хоол ундаа болгоно. Цаг агаар нь их л ширүүн, зуны дунд үеэр ч цахилгаан цахин аадар бороо орж өдий төдий хүмүүс үхэж үрэгдэнэ. Тэгснээ гэнэтхэн цас орж, хүмүүс эмээл дээрээ арай ядан тогтохоор их хүчтэй хүйтэн салхи үлээнэ. Нэг удаа тийм юм болоход бид түрүүлгээ харан хэвтсэн бөгөөд тоос шорооноос болж юу ч харж чадахгүй байж билээ. Гэнэтийн их мөндөр цутган орох нь олонтоо. Тэсэхийн аргагүй халуун байснаа хачин хүйтэн болж хувирна” гэжээ. Энэ бол Манай эриний 1162 он буюу арван хоёр жилийн тооллоор бол гахай жилийн говь цөлийн байдал болой.

  • Номын ангилал: Намтар, дурсамж, тэмдэглэл

Хэрэглэгчийн бусад ном