Энэ номын тухай ярихдаа нэрнээс нь эхлэн тайлбарлавал зүйтэй болов уу. Та "серендипити" гэх үгийг өмнө нь сонсож байсан уу? Энэ үг Серендипийн гурван ханхүү гэх эртний үлгэрээс гаралтай бөгөөд гурван ханхүү эрдэм чадлынхаа ачаар аз завшаантай учирч, "амжилт"-д хүрснийг ийн нэрийдсэн ажээ. Зохиогчийн тайлбарласнаар энэ үг "санамсаргүй байдлаар нээх, олох" гэх утгыг илэрхийлдэг бөгөөд монгол хэлэнд утга дүйх үг олдоогүй тул "серендипити" хэмээн байгаагаар нь ашиглажээ.
Олон бичил эссэнээс бүрдэх номыг уншихад ойлгомжтой, хялбар. Агуулга нь гэр бүлээрээ Харвардтай анх танилцах аялал хийснээс охиныг төгсөх хүртэл үргэлжилнэ. Энэ явцад Харвардын шалгуур, сургалтын төлбөр, оюутны клуб дамжаанууд, хотхоны амьдрал зэргийн талаар чамбай нарийн мэдээлэл өгсөн байх аж. Зохиогчийн хэлснээр уг ном Харвардад хэрхэн тэнцэх талаар гэхээсээ голчлон Харвардын ажиллах зарчим, тэнцэж орвол суралцах орчин ямар байдаг талаар өгүүлнэ. Орчин нөхцөл хийгээд серендипитийг яагаад чухалчилсныг нь дараах эшлэлээр тайлбарлаж болох юм:
"Хувь хүн хэчнээн супер хэрэглэгч байлаа гээд серендипитид хүргэх баялаг орчин нөхцөл байхгүй бол хангалтгүй. Хосгүй авьяаслаг хүмүүст ч ухаан санаагаа тэлэн ажиллаж, шинийг бүтээх орчин ус агаар мэт чухал хүчин зүйл. Тэгвэл Харвард серендипитид хөтлөх орчинг хэрхэн бүрдүүлдэг вэ?"
Хүмүүс зохиогчоос "Хүүхдээ Харвардад оруулахын тулд хэрхэн бэлдэх вэ", "Охин тань зурагт үздэг байсан уу? Тоглоом тоглодог байсан уу?" гэх мэтээр төрөл бүрийн асуултыг эцэг эхчүүд асуудаг гэнэ. Тэрээр харин "Бид хүүхдээ багаас нь Харвардад оруулна гэж тусгайлан бэлдээгүй. Хүүхэд өөрөө том мөрөөдөлтэй, сурч мэдэх эрмэлзэлтэй байх нь л гол нууц болов уу" хэмээн хариулдгаа дурджээ.
Номоос "Харвардад сурсан дөрвөн жил" гэх бүлгийг онцолмоор байна. Учир нь энэ бүлэгт тэрээр өөрийн охин Ж.Номин-эрдэнэтэй маш урт буюу хорин нүүр үргэлжлэх урт ярилцлага хийсэн байдаг. Мэддэг хүнтэйгээ, мэддэг зүйлийнхээ талаар ярилцвал маш сайн мэдээлэлтэй, сонирхолтой ярилцлага болох нь мэдээж хэрэг. Харвардад сурсан охин нь өөрийн туршлагыг ярьсан тул уг сургуульд сурахыг хүсэж мөрөөддөг хүүхэд залуучуудад тун сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.
-
Номын ангилал:
Хувь хүний хөгжил