Ван Мяо гэх залууг учир битүүлэг асуудлаар цагдаагийн газар дуудаж, учир нь огт олдохгүй дайнд бэлдэж байгаа тухай ярилцана. Эрдэмтэд ар араасаа амиа хорлож, учир битүүлэг зүйлд танилууд нь санаа зовсон энэ явдалд толгой нь эргэхийн дээр түүний дарсан зураг бүрт нэг тоо ухраад байх нь бүр ч сэжигтэй. Учрыг нь олохоор шийдэж тоог сайтар ажиглахад цаг хугацаа ухарч байгааг мэджээ. Уг нь өөрөө нано технологийн хүн, нарийн нягтрал бүхий нано утас гарган авдаг хүнд сансарын шинжлэх ухааны хэрэг огтоос хамаагүй байтал хүссэн хүсээгүй тийшээ хальтарч эхэлсний нэг шалтгаан нь Гурван биет гэх тоглоом байсан юм. Тоглоомын дүрэм энгийн ч ойлгоход төвөгтэй, шинжлэх ухаан, физик, сансар огторгуй, түүхийн өргөн мэдлэгтэй хүмүүс л ойлгох учир тоглоомын үеийг даван гарах хүн ховор гэдгийг мань хүн өөрөө ч мэдээгүй явж. Саяхан амиа хорлосон нэрт эрдэмтэн бүсгүйн ээжийнд очих завшаан гарсан нь түүнийг бүр ч сонин ертөнц рүү түлхэх нь тэр. Охиноо алдсан хөөрхий эмгэн гэх нүдээр харах хэдий ч нэртэй сургуулийн нэртэй эрдэмтэн гэдгээр нь бас сүрдэнэ. Е багшийн амьдрал маш сонин. Соёлын хувьсгалын гайгаар эрдэмтэн аавыгаа алдаж, эрдэмтэн ээж нь солиорч хөөрхий охин хол нутагт цөлөгдөнө. Угаас дуу шуу цөөтэй, сансар нар судлалаар чамгүй зүйл уншиж суралцсан түүний ухаан эх оронд нь хэрэгтэй байсан юмсанж. Улаан эрэг гэх сансарын станцд “цөлөгдсөн” нь бас л завшаан гэлтэй. Гэтэл Е багш бол хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн, харь гаригтай буюу Гурван Биет гаригийнхантай холбоо тогтоосон эх дэлхийн хамгийн анхны хүн байжээ. Яагаад Гурван биет гэх тоглоом Гурван биет гариг гээд байгаагийн учир энд тайлагдах учиртай байж. Гайхширал, айдас, огт танихгй танилууд, огторгуй уудам гээд Ван Мяо байтугай Е багш өөрөө ч учрыг нь арай хийн гадарлах энэ сонирхолтой үйл явдлууд намайг бүр соронз мэт татаж орхисон. Эх дэлхийд 450 жилийн дараа юу тохиолдол, шинжлэх ухааныг түгжиж, мухар сүсгийг түгээвэл юу тохиолдож болох тухай маш сонирхолтой бүтээл байна...
Зохиолч: Лю Цы Синь
Орчуулсан: Б.Болбаатар