УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Үлгэр дуустал хайрлана

 Бодит амьдралаас сэдэвлэн бүтээв. Энэ өгүүлбэр ямар нэгэн учир битүүлэг, маш нууцлаг хаалганы өмнөх бичээс шиг ямагт санагддаг. Тэгвэл зохиолч Х.Болор-Эрдэнийн яг ийм тодотголтой гуравдахь ном (мөн дэлгэцийн бүтээл бий) хэвлэгдэн гараад нэг долоо хонож байна. Нэр нь “Үлгэр дуустал хайрлана”. Эгэл жирийн үсчний түүх. Зохиолч өмнө нь “Хишигт”, “Гүйж яваа эмэгтэй” романаа бичсэн. Бүгд л үнэн түүхүүд. Аливаа зохиолыг (бүтээлийг) хөндлөнгөөс тайлбарлах нь тун бүдүүлэг үйлдэл.
Гэхдээ:
-Үнэн худлыг чинь хамтад нь хайрлажээ (“Буруугүй буруутан” жүжгийн дуу. Үг Х.Болор-Эрдэнэ) гэдэг шиг бүх зохиол дээр нь хэр чадлаараа ариутган шүүх амаргүй үүрэг хүлээн ажилласны учир цөөн хэдэн үг хэлмээр санагдлаа. Гэхдээ энэ удаа номын тухайд дэлгэрүүлж ярихгүй. “Яагаад ийм түүх бичих болов. Ер нь яагаад ийм сэдвээр бичих ёстой вэ?” гэдэгт эхлээд хариулах гэж оролдьё.
Шведийн академи энэ оны Нобелийн утга зохиолын шагналаа Францын зохиолч, хатагтай Анни Эрнауд (Annie Ernaux) олгов. Түүний насан туршдаа бичсэн сэдэв бол утга зохиолын гэхээсээ илүүтэй өөрийн болон эгэл жирийн хүмүүсийн түүх. Манайхаар бол улны сэдэв л дээ. Түүний зарим зохиолууд утга зохиол нь яг хаанаа байгаа юм бэ гэж гайхашран асуумаар, баримт, хүүрнэл, бодит түүх, түүнээс урган гарсан бодлууд хөвөрдөг. Гэтэл гайтай юм шиг энэ жил Нобелийн шагналыг утга зохиолын төрлөөр авчихлаа. Яахав, Нобель бол жинхэнэ, дээд уран зохиолын хэмжүүр биш гэж томорч болох л байх. Гэхдээ эндээс нэг зүйлийг маш тодорхой харж болдог. Тэр нь “Уран зохиолын цаашдын чиг хандлага хаашаа явах юм. Ирээдүйн хүмүүс юу унших нь вэ? Ерөөсөө сэтгэлгээнд ямар өөрчлөлт гарах юм. Ямар үнэ цэнийг бүтээх юм, яаж хөгжихөв” гэсэн асуултад ямартай ч нэг зүг чиг олж хардаг. Дэлхий ертөнц улам бүр минималь болж байна. Элдэв панаал, фантазгүй бодит үнэнийг уншихыг хүсэж байна. Тэндээс, нүдэнд үл анзаарагдам тэр л орон зайнаас өөрсдийн жинхэнэ бодит үнэн дүр төрхийг олж харахыг хичээж байна. Энэ бол бичсэн номынхоо нүүрэн дээр “Бодит амьдралаас сэдэвлэн бүтээв” гэж тавих болсон анхдагч шалтгаан. Бид жинхэнэ уран зохиолын тухай маш их ярьдаг. Гэвч жинхэнэ хүмүүсийн тухай таг мартсан байна. Уран зохиол улам л энгийн болж, улам л хүний сэтгэлийн гүн рүү ярган орж байна. Энэ бол бичсэн номынхоо өмнө “Бодит түүхээс сэдэвлэн бичив” гэж тодотгох удаах шалтгаан мөн. Тэгэхээр яах нь уу. Зохиолыг нь биш хүнийг нь (зохиогчийг нь) тахин шүтсэн пропоганда цаашид явцгүй болох нь. Энэ том хөөс хагарахгүйгээр сайн зохиол, эрүүл саруул сэтгэлгээний тухай ярих ямар ч боломжгүй болж ирж байна. Тэгэхээр яах нь уу.
Нохойноос харгис хойт эцэгтэй өнчин охины түүхээр дамжуулан гаргасан хаалттай нийгмийн нээлттэй дүр зураг эсвэл Монголын нийгмийн шилжилтийн үед гадагшаа мөнгөний ажил олж хийхээр явсан гэр бүлийнхнээсээ хаягдаж орхигдсон уран нугараач охины Холливудад хөл тавьсан үнсгэлжингийн түүх, эгэл жирийн үсчний туулсан зам мөр үнэ цэнэтэй байж болох нь. Бидний жижиг зүйл гээд үл хэрэгсэн өшиглөөд хаячихдаг тэр ертөнцүүдийн гүнээс бидний ойлгоогүй орхисон том эхлэлийг, тайлж чадаагүй оньсогыг, хайгаад олохгүй байгаа учир шалтгааныг ухан гаргаж ирээд томруулдаг шилээр бүгдэд харуулах ур чадварыг шинэ үеийн утга зохиол зохиогчдоос шаардаж байна. Бичиж л чадвал... Эцэст нь “Үлгэр дуустал хайрлана” зохиолын тухайд хэдэн үг хэлье.

Энэ бол уран зохиолын төрлөөр, цогц байдлаар Монголд урьд өмнө төдийлөн бичигдэж, хөндөгдөж байгаагүй сэдэв юм. Шинэ учраас зохиолч магтаал сайшаал, муучлалын аль алиныг л сонсох байх. Мөс зүсэх үргэлж л амаргүй байдаг. Хүмүүс энэ түүхийг өрөвдөн уйлж уншихаас гадна бичлэгийн (холимог) арга, хэлбэр хийц, ур чадвар болон учир шалтгааны уялдаа холбоос, давталт, сүлжээс, илэрхийллийн шинэчлэлүүдийг нь илүүтэй анзаараасай гэж хүснэ. Мэдээж энэ ном уншигчаасаа унших дадал шаардана. Ерөнхийд нь дүгнэвэл энэ бол уншдаг кино юм. Хүний оюун санаа хуучных шигээ байх ямар ч боломжгүй цоо шинэ платформ дээр бид нөгөө л хуучирсан пянзныхаа дууг дахин дахин тавьсаар л байна. Бүр зурагдаад, буцаж үсрээд, хяхтнахаас өөр шидгүй болчихсон чийртэй үгсийг уран зохиол гэж нэрлээд, агуу ихийн дэмийрэлтэй хамтад нь уншигчдад тулгасаар л... “Адилхан өнгөөр уянгалан ганганаад” гэдэг шиг ар талынх нь залуус ч бас зурагдаад эхэлчихлээ. Хайран оюун санаа. Хайран цаг хугацаа.
Миний нэг баримталдаг зарчим бол аливаа зүйлийг урагш нь чангааж чадахгүй бол ядаж хойш нь чирэхгүй байхсан гэх бодол. Олон зуун жил хүлээсэн миний цаг үе ирж байна. Тэр анхны номдоо (Х.Болор-Эрдэнэ “Нүцгэн шөнө”-2002) ингэж бичсэнээс хойш яг 20 жил болж байна. Номноос ном бүртээ өсч хөгжсөн, өөрчлөгдөн шинэчлэгдсэн. “Миний цаг үе” гэж өөрийгөө тодотгон хэлээгүй байх. Өөрийн эгог ч бас хэлээгүй гэж бодож байна. Миний хаанчлал гэж бас хэлээгүй, тэгж хэлэх ч хүн биш гэдгийг эрхбиш ойлгох биз ээ. Сайн цаг, эрх чөлөөт хэв маяг, чөлөөт сэтгэлгээ, шинэ үе ирлээ гэсэн байх.
Гэвч түүний “Бодит түүхээс сэдэвлэв” гэсэн тодотголтой ном бүрийг тойрсон яриа хөөрөө, ялангуяа өөрсдийгөө мэргэжлийн гэж дөвийлгөдөг хүрээний зарим хүмүүсийн хандлагыг ажихад нэг гунигтай бодол төрж байна. Цастай өвлөөр анхны номоо гар дээрээ аваад зохиогч, редактор хоёр баярлан тэврэлдсэнээ бас санаж байна. Олон зуун жил хүлээсэн цаг үе нь ирсэн хэдий ч хүмүүс нь бүрэн ирээгүй бололтой. Жинхэнэ, эрүүл саруул, эрх чөлөөт оюун санаа хаана байна? Тэгэхээр бас л хүлээх болох нь дээ, зохиолч оо. Дахиад магад 20 жил ч хүлээх байх. Сураагүй юм биш, хүлээнэ дээ. Гунигтай л юм. Гэвч бид (зохиогч болон редактор) хүмүүст биш цаг хугацаанд итгэдэг. Тэд заавал ирнэ.

Зохиолч: Х.Болор-эрдэнэ

Хуудасны тоо: 261

  • ҮНЭ: 29,900₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.