Оройдоо олон улсын мэдээ үзэхээс ч зүрхшээдэг боллоо. Хавар эхэлсэн Орос-Украины дайн улам хурцдаж цөмийн зэвсэг хэрэглэхдээ тулаад байна. ОХУ-ын төрийн мэдлийн телевизүүд “Бушуухан цөмийн зэвсгээ харваад Украиныг үнс чандруу болгоод аль” гэж бахардан орилж гарлаа. Өнөөдөр дэлхий нийтээр Оросыг эзлэн түрэмгийлэгч хэмээн нүд үзүүрлэж, Путиныг дайны хэнээт эргүү фашистаар нь дуудаж байна. Украинд хийж буй “цэргийн тусгай ажиллагаа” нь алхам тутамдаа бүтэлгүйтэж, хэлсэн ярьсан бүхэн нь бүтэлгүйтэж байхад Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар дотоодын хямрал нүүрлэв. Гэвч Путин ухрах, зогсох янз алга. Ер нь зогсох учиргүй гэнэ. Яагаад гэвэл Их Петр хаан өөртөө тавьж байсан зорилго өнөөдөр ОХУ-ын тэргүүн Путины сорилт аж. Тим Маршалл 2016 онд хэвлэгдсэн Газарзүйн хориг номдоо Орос Украин руу довтлоно хэмээн бичиж. Үүний газарзүйн нөхцөл шалтгааныг үүх түүх, улс төрөөр хачирлан тайлбарласан байна. Путин аль 2014 онд Украины Харьков, Донецк, Луганск, Херсон, Николаев, Одесс мужуудын талаар “Орос улс эдгээр нутгийг янз бүрийн шалтгаанаар алдсан. Гэхдээ ард иргэд үлдсэн” гэдгийг сануулж байжээ. Крымийг санал асуулгаар ОХУ-ын харьяанд оруулснаас хоёр жилийн дараа хэвлэгдсэн Газарзүйн хориг-т Украины дотоод асуудал ч багтсан. Тим Маршалл энэ бүтээлдээ ирээдүйд газарзүйн байрлалаасаа үүдсэн дотоод, гадаадын зөрчил тэмцэлд өртөх 10 улс орны тухай өгүүлжээ. Тэр арвын дунд Монголын мөнхийн хоёр хөрш, бас гуравдагч хөршүүд дундаасаа бид ихэд дотночилдог АНУ, Япон, БНСУ гурав багтаж шүү. Дэлхийн 200-аад улс орноос ирээдүйд асуудалд ороолцолдох маш өндөр магадлалтай аравхан улс нэрлэхэд тал нь Монголд хамаатай байна гэдэг сайны ерөөл үү, муугийн ёр уу? Эсвэл нөгөө Монголын их хувь тавилан гээч нь тэр үү?
ОХУ-ыг юу юугүй задарна гэдэг яриа ихээр дуулдах болсон. Гэлээ гээд Монгол нутгаа аваад нүүхгүйгээс хойш Газарзүйн хориг-тойгоо эвлэрэхээс аргагүй. Мөнхийн хөрш гэж монголчууд ярьдаг. Хаа сайгүй газар хөдөлж байдаг ч газарзүйн байрлал нь өөрчлөгдсөн улс орон одоогоор алга. Далайд гарцгүй Монгол мэт нь л Газарзүйн хориг-т орчихдог юм биш аж. Нутгаа аваад нүүж болдоггүйд л гачлан байна. Геополитик гээч нь энэ бололтой.
Монголчууд хэзээ ч сайнаар харж яваагүй Хятад гүрэн тавин хэдэн үндэстэнтэй боловч Төвөд, Шинжаан хоёроос бусад нь Бээжингийн толгойг өвтгөхөөргүй гэнэ. Лалын тулгар үзэлтний үүр уурхай болж мэдэх Шинжаанд хүний эрхийн асуудал яригддаг ч Хятад түүнийг аргална. Цэвэр усных нь ундарга Төвөдийн нийгмийн асуудлыг ч шийдчихнэ. Түүний зэрэгцээ хань үндэстнийг тухайн нутгуудад олноор нь суурьшуулах хуучны аргаа хэрэглэнэ гэж Тим Маршалл тооцжээ. Хятад яаж ч ир бяр ороод хойд хөрш Монгол руу довтлохгүй, худалдаа наймааны аргаар эрхшээлдээ байлгах боломжтой гэж Газарзүйн хориг-т буужээ. Харин хятадууд далай тэнгисийн уудамд хаа холын Америк болоод хавь ойрынхоо гүрнүүдтэй ил далд мөчөөрхөх нь тодорхой гэнэ.
Холдож чадахгүй хоёр хөршөөсөө айн ширвээтэж, ойртох боломжгүй гуравдагч хөрш рүүгээ тэмүүлэх Монголын хувь заяа газарзүйн байрлалаасаа хол очиж тусахгүй нь. Газарзүйн байрлал ганцхан бидний зовлон биш, хүн төрөлхтний нийтлэг гачлан ажээ. Монголын хувь заяаны их, багыг монголчуудын тухай онцлон ярилгүй өгүүлсэн Тим Маршаллын Газарзүйн хориг номыг яг одоо уншвал толгойд амархан буухаар санж.
Зохиолч: Тим Маршалл
Орчуулсан: Nepko
Хуудасны тоо: 280
Тоо хэмжээ :
Сэтгэгдэл байхгүй байна.