УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Сахар гэж юу вэ? Биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

BookLo-н номын танилцуулга буланд Сахар номын зохиогч Л.Энхзул ирж бидний асуултад хариуллаа:

1.Сахар номыг бичих болсон шалтгаан юу вэ?

Миний хувьд маш их сахарын хэрэглээтэй, чихрийн хамааралтай болчихсон, өдөр тутамдаа, яаж ийгээд зайрмаг, амттан, чихэр шоколад, жигнэмэгийг агуулдаг маш их хэмжээний чихэр хэрэглэдэг зуршилтай байсан. Энэ зуршилаасаа салахыг нилээн хичээсэн боловч, бүтэлгүйтдэг байсан. 2015 оноос эхлээд яг энэ зорилтондоо хүрээд өөрчлөлтийг оруулж чадсанаараа миний биед, миний амьдралд, миний эрүүл мэндэд маш их өөрчлөлт гарсан. Энэ талаараа би ном бичье гэж шийдсэн юм. Тэгэхлээр хамгийн эхлээд гарсан өөрчлөлт гэвэл би маш их эрч хүчтэй болсон, миний нойр сайжирсан, миний арьсны нөхцөл байдал бүр сайн болсон, миний арьсан дээр маш их тууралт гардаг, шархлаа гардаг, байсан маань бараг 90-99% эдгэсэн гэж үзэж болно. Түүнээс гадна миний төвлөрөлт маш их сайжирсан, үүний ачаар би сахар номоо бичиж дуусгаж чадсан. Энэ номоо анх бичиж эхлүүлээд удаагүй байхдаа бас Лондонд шим тэжээлийн чиглэлээр сурах боломж гараад, бүр өргөн дэлгэр мэдээллийг энэ номондоо агуулсан байгаа. Тийм болохоор энэ номонд зөвхөн сахарын талаар биш, яаж тэнцвэртэй хооллох уу? Бүх төрлийн хоол хүнс, эрдэс, амин дэмээ яаж авах уу? талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа.

2. Сахар гэж юу вэ? Биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Сахар гэхээр бид нар юуны өмнө ёотон сахар, дөрвөлжин сахар, цагаан, бор элсэн сахар санаанд буудаг. Гэтэл бид нарын хэрэглэж байгаа бүх төрлийн нүүрс ус цаашаагаа очихдоо задраад цусанд глюкоз болж очдог. Өөрөөр хэлбэл бид нарын хэлж заншснаар цусанд сахар болж очино гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн нүүрс ус хэрэглэж л байвал цаашаагаа энергийн эх үүсвэр болж хувирна. Сахар гэдэг ойлголт дундаа бид нар нэмэлт болон байгалийн сахар гэдэг ойлголтоо сайн ялгаж салгах хэрэгтэй. Жишээ нь: сүү, цагаан идээнд агуулагдаж байгаа сахар бол байгалийн сахарт орж байна. Харин нэмэлтээр, ямар нэгэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид  эсвэл та бид ямар нэгэн хэмжээгээр сироп ч юмуу сахар нэмж байгаа бол энэ нэмэлт чихэрт ордог. Тэгэхээр орчин үед нэмэлт чихрийн хэмжээ маш их болчихсон учраас үүнээс үүдээд биед янз бүрийн асуудал гараад байгаан, тэгэхээр аль болохоор байгалийн хэлбэрээр нь сахарыг авах хэрэгтэй. Үүнд бол ногоонд бас тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Хүнсний ногоонд, жимс жимсгэнэд бол хэт боловсруулсан сахартай харьцуулахад хүний эрүүл мэндэд илүү ашигтай шим тэжээл бодисуудыг агуулдаг.

3. Чихрээ хэрхэн танах вэ?

Сүүлийн үед сахарын хэрэглээ, сахар агуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэх тусам илүүдэл жинтэй болдог, шүдний өвчлөлт үүсдэг, инсулинийн зохицуулалт алдагддаг гээд бид нар бүгдээрээ энэ сөрөг дагаварыг нь мэддэг болсон учраас чихрээ танах шаардлага гарч ирж байгаан. Гэтэл яг сахарын мөн чанар дахин дахин мэдүүлэх, нэг сахартай чихэрлэг амттан чихэр, шоколад идээд эхэлсэн бол зогсоход хэцүү, заавал дуусгаж байж санаа амардаг ч юм уу, аль эсвэл орой болгон ундаа уудаг,  дахин дахин уух, ийм донтолт үүсгэдэг учраас чихрээ танахад маш их хэцүү байдаг. Тэгэхээр чихрээ танах үндсэн 2 арга байдаг.

Эхнийх нь: Яг сахарын мөн чанарыг олж мэдсэнээрээ,  өөрөө мэдлэгээ сайжруулсанаараа, өөрийнхөө хооллолтонд бага багаар багасгасаар байгаад сахарынхаа хэмжээг бууруулна гэсэн үг.

Нөгөө арга нь: Бүтэн сарын хугацаанд сарын болон түүнээс дээш хугацаанд нэмэлт чихэр агуулаагүй чихэрлэг нялуун амттай бүх төрлийн хүнсээ хязгаарлаад хорьсоноороо амтлах мэдрэхүйгээ сайжруулаад, биеээ дасгаад, дадал болгоод  зохицуулах. Ингэж чадах юм бол чихрийн хорхойсол бол арилдаг. Ингэсний дараа тэнцвэртэйгээр чихэрээ хэрэглэх боломжтой.

4. Чихрээ танаснаар биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Чихрийн бүтцийг аваад үзэхээр  глюкоз, прюктоз гэсэн 2 нэгжээс  бүрддэг байгаа.  Ямар ч сахартай бүтээгдэхүүн бас л энэ хоёр бүтцийг агуулсан, элсэн чихэр гэдэг зүйлийг нэмчихсэн байна гэсэн үг. Энэ хоёр зүйл цаашаагаа яаж задардаг вэ? Гэхээр Глюкоз бол хүний цусанд очоод цуснаасаа цаашаа эд эрхтэнд очино, харин  Прюктоз бол заавал элгээр дамжиж задардаг онцлоготой. Өөрөөр хэлбэл та прюктоз агуулсан буюу сахар байгаа ундаа, чихэр янз бүрийн бүтээгдэхүүн хэтэрхий их байнга хэрэглээд байхын бол элгэнд ачаалал үүсгэдэг. Элгэнд ачаалал үүссэнээр элэгний өөхлөлт буюу согтууруулах ундааны бус гаралтай элэгний өөхлөлтийг үүсгэдэг. Чихрээ танасанаар өөрийн дотор эрхтэнүүд, элэгээ хамгаалж дэмжиж байна гэсэн үг. Элэгээ дэмжээд өгвөл бусад эрхтэнүүд маань зөв зүйтэй ажиллах үндсэн нөхцөл нь болж өгдөг. Үүнээс гадна чихэртэй бүтээгдэхүүнүүд шим тэжээлээр маруухан байдаг. Энэ чихэртэй бүтээгдэхүүнээ багасгаад өгөхөөр амин дэм, эрдэс бодисоо бусад хүнснээсээ нөхөж эхэлхээр дархлаа сайжирч ирдэг. Чихэртэй хүнсээ багасгаснаар шүдний өвчлөлтөөс урьдчилан сэргийлнэ, түүнчлэн зан авир, төвлөрөлт сайжирна.

5. Бүтээгдэхүүн худалдан авахдаа юу анхаарах вэ?

 

Бэлэн, боловсруулчихсан бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошгийг нь хамгийн түрүүнд шалгана. Хаяг шошго дээр сахарын хэмжээг тэмдэглэсэн байдаг. Хамгийн амархан арга гэвэл 100 гр-д агуулагдаж байгаа хэмжээгээ харах юм. 100 гр-д 5 гр-аас бага хэмжээтэй сахар агуулагдсан байхын бол тухайн бүтээгдэхүүнийг сахар багатайд тооцож үзээрэй. Харин 100 гр-д 22,5 гр -аас дээш сахар агуулагдсан байх юм бол энэ бол маш өндөр хэмжээний сахар агуулсан бүтээгдэхүүн  гэж тооцоно. Үүнээс гадна нуугдмал сахарын хэмжээг анзаарч байх хэрэгтэй. Бид нарын огт төсөөлж байгаагүй бүтээгдэхүүнд сахар бас агуулагдчихсан байдаг.Яагаад гэвэл сахар маань тааламжтай амтыг бий болгодог учраас хүнсний үйлдвэрлэгчид ямар нэгэн хэмжээгээр сахар хийх сонирхолтой байдаг.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.