Англи хэл ба Тархины хөгжил
Англи хэл сурах нь бидэнд сурах хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хэрэгтэйгээс гадна тархийг хөгшрүүлэхгүй байлгахад чухал шаардлагатай ажээ. Одоогоос долоон жилийн өмнө Эдинбургийн их сургуулийн хэсэг судлаачид Энэтхэг улсын Теланган мужийн 648 өвчтөний дунд судалгаа явуулжээ. Өвчтөнүүдийн төрөлх хэл нь Урду эсвэл Телугу хэл байсан бөгөөд тэдний 391 нь хоёрдогч хэл буюу Англиар ярьдаг байсан нь оюун ухаан тэнэгрэх, Альцхаймерын өвчинд өртсөн өвчний шинж тэмдэг нь Англиар ярьдаггүй настангуудаас ойролцоогоор 4,5 жилээр хожуу илэрсэн болохыг тогтоосон аж. Энэ нь хэл сурах нь тархины бүтэц, сэтгэн бодох чадварт эергээр нөлөөлдөг болохын нэгэн баталгаа юм.
Төв мэдрэлийн тогтолцоонд хэл яриа холбоотой Брокийн, Верникийн, харааны болон бичих үйлийн төвүүд бий. Францийн эрдэмтэн П.Брок нь 1861 онд хэл яриаг хянаж, хэлэхүйн эрхтэнүүдийг удирддаг “Брокийн төв”-ийг их тархины зүүн тал бөмбөлгийн духны доод хэсэгт байрладаг болохыг олж нээжээ. Харин Германы эрдэмтэн К.Верник нь 1874 онд сонсголын төвөөс ирсэн мэдээллийг боловсруулж, хэл яриаг ойлгох, утга төгөлдөр болгодог “Верникийн төв”-ийг тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн арын дээд хэсэгт байрладаг болохыг тогтоожээ. Хэл сурах үйл явц нь тархины аль нэг хэсэгт харъяалагдахаар хязгаарлагдахгүй бөгөөд баруун, зүүн тархины хооронд мэдээлэл солилцох нарийн үйл явц юм. Пенсилваний их сургуулийн Профессор, Доктор Пинг Лигийн тодорхойлсноор хэлийг бүрэн эзэмших нь үгсийн сан, авиа зүй, бичиг, хэл зүй дүрэм, өгүүлбэр зүй, прагматик хэрэглээ гэх мэт цогц ойлголт юм. Энэ үйл явц нь тархины хэл яриатай холбоотой бүхий л төвүүд болон корпус каллосум хэмээх хоёр тал бөмбөрцгийг хооронд нь холбодог цагаан эдийн холбоосыг ч мөн оролцуулдаг ажээ.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.