УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Нийгэмд зохицоод явах, нийгмийн эвийг олох, бусадтай харьцах аргаа олоод явах гэдэг бол хүний нэг ухаан юм

“BOOKLO”-н зохиолчтой ярилцах цаг булангийн энэ удаагийн хүндэт зочноор зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ирж бидэнтэй ярилцлаа.

Booklo: Энэ өдрийн мэнд! Таны уран бүтээл өндөр үү?

Г.Аюурзана: Сайн байцгаана уу? Уран бүтээл өндөр байна.

Booklo: Таниас асуух асуултыг бид өөрсдийн нүүр хуудсаараа дамжуулан уншигчдаасаа асуусан байгаа. Тэрний дагуу таниас эхний асуултаа асууя. Та өөрийнхөө зохиол бүтээлээр нийгэмд ямар мессеж өгөхийг боддог вэ?

Г.Аюурзана: Ер нь нийгэмд мессеж өгнө гэдэг уран зохиолын хэрэг биш л дээ. Уран зохиол бол өөрийнхөө мэдрэмжээр дамжуулан хүний мөн чанарын тухай өгүүлдэг учраас нийгэмд заавал ямар нэгэн мессеж хүргэх албагүй гэж би боддог.

Booklo: Манай монголын уншигчдын сэтгэл зүй бусад орноос ялгаатай байдаг уу? Онцлог гэж байдаг уу?

Г.Аюурзана: Мэдээж үндэстэн болгонд өөрийн онцлог байна. Гэхдээ монгол хүмүүст зөвхөн зориулсан уран зохиол гэж бол байхгүй. Бид нар жинхэнэ уран зохиол руу явж байгаа бол өөрсдийгөө өөр нэг хүрээнд оруулаад тэр хүрээнд зориулсан зохиол бичих гээд байх нь төдийлөн чухал зүйл биш л дээ. Ер нь уншигчдыг бодож бичнэ гэдэг бол илүү арилжааны ажил юм. Уран зохиолд хамаагүй. Яг уран зохиол бичдэг хүн бол тэнд уншигч яах уу? Тэнд хэн яаж хүлээж авах уу? гэж тооцоолж суух нь утгагүй л дээ.

Booklo: Та өөрөө бас яруу найрагч шүлэг бичдэг хүн байгаа. Ер нь зохиолч хүнд ямар ур чадвар байх ёстой гэж та боддог вэ?

Г.Аюурзана: Зохиолч болохын тулд миний бодлоор маш их унших хэрэгтэй. Ер нь хүн нилээд их уншсаны дараа л зохиолч болох илүү бэлтгэл ханаж байна гэсэн үг. Харин зүгээр нэг тохиолдлын нэг хоёр ном бичдэг хүмүүс байдаг. Тэд нар бол өөртөө тохиолдсон явдал ч юм уу, олж авсан мэдлэг, дадал зуршил магадгүй дурсамж, зөвлөгөө бичдэг байх. Гэхдээ уран зохиолтой хамаатай зүйл биш. Уран зохиолын замаар явья гэж байгаа хүн бол уран зохиолтой нилээд сайн танилцах хэрэгтэй. Ингэхийн тулд уншихаас өөр зам бол байхгүй. Өнөөдөр манай залуучууд маш их уншдаг болсон. Хичнээн сайн уншигч байх тусам нэгэн цагт өөрийгөө илэрхийлж ном бичих боломж төдий хирээр нэмэгдэнэ л гэж би бодож байна.

Booklo: Төрөлхийн ур чадвар шаардлагатай байдаг уу?

Г.Аюурзана: Хүмүүс бол янз янзаар л ярьдаг. Жишээлбэл авьяас байвал өөр юм хэрэггүй ч гэдэг юм уу. Гэвч яг үнэндээ өнөөдрийн уран зохиолын бүх замнал явж ирсэн замыг харж байхад хүн боловсорч тодорхой хэмжээний мэргэшихгүйгээр зохиол бичих боломжгүй. Шүлэг бичихэд бол зүгээр нэг санаанд гэнэт ганц хоёр мөр орж ирдэг юм.

Booklo: Зохиолч байхын гоё сайхан тал нь бас хэцүү тал нь юу байдаг вэ?

Г.Аюурзана: Өөрийгөө илэрхийлээд, өөрийнхөө дотор төрж байгаа ертөнцийг дүрсэлж бичсэн бүтээлээрээ амьдрах боломж байна гэдэг нь хамгийн гайхамшигтай зүйл. Зарим хүн бол уурлахаараа нэг юм шидээд авдаг. Харин зохиолч хүн өөрийнхөө дотор байгаа зүйлийг бичвэр болгоод гаргадаг нь маш гоё таашаал л даа.

Booklo: Өөрийнхөө доторх мэдрэмжээ бусдад илэрхийлнэ гэсэн үг байх нь?

Г.Аюурзана: Тэрнээс гадна бичээд үзүүлж байгаа зүйл нь тодорхой хүмүүсийн сэтгэл санааны үетэй таараад яг өөрийнхөө уншигчийг олохын бол тэр зохиолч хүний хувьд бол хамгийн том ололт.

Booklo: Уран зохиолын ном уншихгүй ерөнхийдөө хувь хүний хөгжлийн ном уншаад яваад байдаг хүмүүс байдаг. Ер нь уран зохиолыг яагаад унших ёстой байдаг юм бол?

Г.Аюурзана: Мэдээж хувь хүний хөгжлийн тухай ном уншина гэдэг нь бас л сайн зүйл. Яагаад гэвэл тэр чинь бусадтай яаж харьцах уу? Нийгэмд яаж зохицох уу? Гэх мэт маш олон зүйлийг хүнд ойлгуулдаг. Харин уран зохиол бол тийм биш. Уран зохиол бол илүү хүний сэтгэл рүү нь дотоод гүн рүү хандахад илүү хэрэгтэй. Тийм болохоор төлөөлүүлээд хэлэх юм бол нэг нь иог шиг, нөгөөх нь бясалгал шиг юм уу даа. Нэг нь илүү биеийн эрүүл мэндээ бодоод дасгал хийж байгаа бол нөгөөдөх нь сэтгэл санаагаа тэнцвэржүүлэхийн тулд дотогшоо бясалгаж сууж байгаа хэрэг юм. Би бол уран зохиолыг хүн төрөлхтөний өдий хүртэл явж ирсэн замналуудын дотроос хамгийн дээд нь гэж үздэг. Яагаад гэвэл  үг гэдэг чинь өөрөө кодтой. Үгээр дамжуулаад хүний сэтгэл санааг илэрхийлж байгаа. Цаашлаад хүний мөн чанар, ер нь хүн, амьдрал гэж юу юм бэ? гэдэг утга учрыг ойлгоход уран зохиол нь илүү үр дүнтэй санагддаг.

Booklo: Ерөнхийдөө хүн болох хүмүүжил тал руугаа илүү нөлөөлдөг гэж ойлгож болох юм байна? Харин хувь хүний хөгжил бол боловсрол тал руу нь хөгжүүлдэг байх нь?

Г.Аюурзана: Яг зөв. Ер нь нийгэмд зохицоод явах, нийгмийн эвийг олох, бусадтай харьцах аргаа олоод амьдраад явах гэдэг бол хүний нэг ухаан юм.  Гэтэл юмыг мэдрэнэ, гоо сайхныг олж харна, хүний сэтгэлийн хувьд зөв байна гэдэг бол бас нөгөө тал нь. Энэ хоёрыг хоёуланг нь хослуулж чадахын бол хүн алзахгүй л явах байх.

Booklo: За одоо уншигчдаас ирсэн асуулт руу орьё. Таны зохиолыг маш их унших дуртай Бөөгийн домог номоо та юунаас сэдэвлэж бичсэн бэ? Дүр нь бодит хүн үү? гэж асуусан байна.

Г.Аюурзана: Бодит хүн биш. Зохиомол тэгэхдээ маш олон бөө нартай уулзаж байгаад ерөнхийд нь жинхэнэ бөө байвал ийм хүн байх нь ээ гэж төсөөлөлийн дүр гаргаж авсан. Тэр гаргаж авсан дүрээ зохиомол ч юм шиг бодиттой ч юм шиг орон зай дээр тавьсан. Романыг бичихийн тулд үйл явдал болж байгаа газруудад нилээд олон удаа очсон. Бараг гурван жилийн турш тийшээ явж судалгаа хийсэн. Тэгэхдээ судалгаа гэдэг нь ямар нэгэн бөөгийн тухай юм судалснаасаа илүү тухайн орчинд төрж байгаа өөрийнхөө мэдрэмжийг зураглахын тулд юм.

Booklo: Өөрийгөө тэр хүний оронд тавьж байж бичсэн юм байна?

Г.Аюурзана: Ер нь тэгсэн. Ямар ч зохиолчийн дүр дотор өөрийнх нь хэсэг тодорхой хэмжээгээр явж байдаг. Тэгэхгүйгээр тэр хүний дотроос нь бодож байгаа бодол ямар нэгэн сэтгэл санааны байдлыг илэрхийлэх нь хэцүү.

Booklo: Уншигчдаас ирсэн дараагийн асуулт. Бөөгийн домогномоо хэр хугацаанд бичсэн бэ?

Г.Аюурзана: 3 жил бичсэн.

Booklo: Хамгийн сайн төвлөрч сууж бичиж чаддаг орчин нь хаана байдаг вэ?

Г.Аюурзана: Тодорхой тийм газар илүү төвлөрдөг гэж хэлэхэд хэцүү л дээ. Хүний нөхцөл байдлаас болно. Заримдаа санаандгүй гудамжинд замын бөглөөнд зогсож байхад гэнэт бичмээр санаа орж ирнэ. Ер нь зохиолч хүн өөрийнхөө бичгийн ширээний ард л хамаг юмаа хийнэ. Гэхдээ тэнд илүү сайн байдаг даа гээд олон газар туршиж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна.

Booklo: Жишээлбэл та Бөөгийн домогоо бичиж байхдаа Байгал нуурт очсон гэсэн. Илүү байгаль орчинд нь очиж бас бичдэг байх. Та бөөгийн талаар та дахиж ном бичих үү?

Г.Аюурзана: Одоогоор тийм бодолгүй байгаа.

Booklo: Одоо шинэ ном дээр ажиллаж байгаа гэсэн. Тэр номныхоо талаар та бас танилцуулаач?

Г.Аюурзана: Хамгийн сүүлд би Сүнсний томьёо мөн Сахиуст хангайн нууц хоёр роман гаргасан байгаа. Энэ хоёр романыг уншсан хүмүүс энэ хоёр номын дунд нь нэг хүний дүрээр холбоо сүлбээ байх шиг байна гэдгийг мэдэрсэн байх. Тэр холбоо болж байгаа хүний тухай номоо бичээд дуусаж байгаа. Энэ намар хэвлэгдэнэ.

Booklo: Ямар сэдэвтэй ном байх бол?

Г.Аюурзана: Сэдэв нь яг тийм гээд хэлэхэд хэцүү. Энэ хоёр номын нэг нь дээр үеийн үйл явдалтай. Нөгөө нь орчин үеийн үйл явдалтай. Сахиуст хангайн нууц-н гол дүр Пүрэв бол манай нутгийн бодит хошууны ноён хүн. Тэр хүн Сүнсний томьёо-той ямар холбоотой юм бэ гэхээр энэ ном дээр гараад байгаа Инжаннашийн нэртэй хүний өвөө нь тэр хүн байх юм. Ийм маягаар л хоорондоо холбоотой. Нэг хүний л амьдрал. Монгол хүний амьдрал. Гэхдээ Богд хаант улсын үеийн ноён байх үед амьдарч байсан хүн хамгийн сүүлд нь социализмын үеийг туулаад явж байгаа. Нэг хүний амьдралыг шугамдсан юм шиг тийм ном байгаа.

Booklo: Таны зохиол бүтээлүүдийн онцлог гэж байх уу?

Г.Аюурзана: Би бусдаас ялгарья, тийм онцлогтой байя гэж ерөөсөө боддоггүй. Би зүгээр л өөрийнхөө бичихийг төлөвлөсөн зүйл рүү гээ ороод л явдаг. Тэгээд нэг роман бичээд сууж байтал дараа нь өөр роман бичих санаа төрдөг. Ингээд л бушуухан тэрнийгээ бичиж дуусгаж аваад дараагийнх руугаа ордог. Нэг иймэрхүү маягаар л явдаг.

Booklo: Танд ямар мэдрэмж төрнө тэрийгээ л буулгадаг байх нь?

Г.Аюурзана: Бичиж буй романаа тойруулж бодож яваад тэр үед төрсөн бүх бодол санаа, элдэв мэдрэмжээ бүгдийг нь түүндээ шингээхийг хичээдэг. Тийм болохоор миний романууд бол бичигдэж буй тухайн цаг хугацааны надад төрж байсан мэдрэмжүүдийг базаж, үйл явдлуудтайгаа холбосон зохиомж гэсэн үг.

Booklo: Танд баярлалаа. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Таны дараа дараагийн уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

Г.Аюурзана: За баярлалаа. Та нарын ажилд бас амжилт хүсье!

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.