Бид амьдралдаа эрс өөрчлөлт хийхийн тулд дараах зүйлсийг мэддэг байх хэрэгтэй.
· Бидний ололт амжилт, аз жаргалын 80% нь цаг хугацааны ердөө 20%-д бий болдог. Энэ оргил үеийг уртасгах боломж бий.
· Цөөн хэдэн үйл явдал, шийдвэр бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг ( сайн ч талаар, муу ч талаар). Бид энэ чухал шийдвэрүүдээ нухацтай бодож тунгаахын оронд, өөрөө ч мэдэлгүй гаргах нь элбэг. Бид амьдралаа бүтээж цогцлуулахын оронд, юу болохыг ажиглаж суудаг гэсэн үг. Ийм шийдвэрлэх мөчүүдийг таньж, тухай бүрт нь зөв шийдвэр гаргаж чадвал бид хичнээн дахин бүтээлч, аз жаргалтай хүн болж чадна.
· Хүн бүрт дорвитой амжилт бүтээл гаргах боломж бий. Харин үүнд хүрэх гол түлхүүр нь хүч чармайлт гаргахдаа биш, зөв зүйлээ олж хийхэд оршино. Бусдаас олон дахин илүү хийж чаддаг зүйл танд байгаа. Хэрэв та хүч бололцоогоо сайн хийж чаддаггүй олон зүйлд тараан зарцуулаад байвал, таны үр бүтээл гавихгүй.
· Ямар ч үед ялагч, ялагдагч гэсэн хоёр бүлэг байх бөгөөд ялагдагчдын тоо үргэлж илүү олон байна. Аль өрсөлдөөнд орохоо, хэнтэй нэг баг болохоо, ямар аргаар өрсөлдөхөө зөв сонгож чадвал, та ялагч болно. Тааруухаан хийдэг зүйлдээ сайжрах биш, харин амжилт олох илүү боломжтой зүйл дээрээ очвол таны ялалтын түлхүүр атгах магадлал өснө. Өмнө нь ялж байсан газраа ахиад ялалт байгуулах боломж мэдээж илүү байдаг. Аль уралдаанд орохоо зөв сонго, тэгвэл танд бусдаас илүү боломж гарч ирнэ.
· Бусад хүмүүс биднийг түлхэж оруулсан уралдаанд бид ихэнхдээ ялагдал хүлээдэг. Харин өөрсдөө сонгож орсон өрсөлдөөнөөс бид ихэвчлэн ялж гарч ирдэг билээ. Бид олон удаа ялагдал хүлээдгийн учир нь бусдын санаачилсан буруу уралдаанд ордгоос үүдэлтэй.
Бага ажилла, ихийг ол, илүү жаргалтай амьдар
· Зорилго, зорилтыг чухалчлан авч үздэг хүн цөөхөн. Ихэнх хүн олон зүйлд дундаж хэмжээний хүч чармайлт тавьдаг. Үүний оронд цөөн хэдэн зүйлд бүхий л бололцоогоо зориулах хэрэгтэй. Ихийг бүтээсэн хүмүүс зөв зүйлээ сонгож, түүндээ тууштай зүтгэсэн байдаг.
· Ихэнх хүмүүс цагийнхаа дийлэнхийг өөрт ч, өрөөлд ч, ашиг тус багатай зүйлд үрэн таран хийдэг. 80/20 –иор сэтгэгч хүн энэ аюулаас зайлж, үнэ цэнэтэй цөөн хэдэн зүйлд төвлөрснөөр, сүртэй их зүтгэл гаргахгүй ч ихийг амжуулж чаддаг.
· Амьдралын чухал шийдвэрүүдийн нэг бол хамтрагчдаа сонгох. Тэдэнгүйгээр бүтээж болох зүйл гэж бараг үгүй. Хүмүүс хамтрагч сонгохдоо нухацтай хандах нь ховор. Зарим нь бүр сонголт ч хийдэггүй. Өөрөө хүрээд ирсэн хүнтэй шууд хамтарсан байх жишээтэй. Энэ бол амьдралаа гарын салаагаар урсгаж байгаагийн нэгэн тод жишээ. Олон хүн хамтрагчаа буруу сонгодог. Эсвэл зарим нь хэт олон хамтрагчтай болж, тэднийгээ зөв ашиглаж чадахгүй байдалд орсон байх нь бий. Харин 80/20 сэтгэгчид сайтар бодож үзсэний эцэст, цөөхөн хүнийг хамтрагчаар сонгож, зөв харилцаа тогтоодог.
· Хамтрагчаа буруу сонгохын хамгийн адгийн жишээ бол буруу хүнтэйгээ гэрлэх юм.Түүнээс гадна хэтэрхий олон найзтайгаас болоод алинтай нь ч ойр дотно байж чаддаггүй хүмүүс байдаг. Амьдралын ханиа буруу сонгосон хүн даанч олон.
· Зөв ашиглаж чадвал, мөнгө таны амьдралын хэв маягийг сайнаар эргүүлэх хүчтэй. 80/20 сэтгэгчид бол мөнгө үржүүлэх ухааныг мэддэг цөөнхийн нэг хэсэг. Амьдралын хэв маяг, аз жаргалаа мөнгөний төлөө үрэн таран хийчихгүй л бол, мөнгө олох чадвар танд ямар ч хор хөнөөл учруулахгүй.
· Илүү жаргалтай болохын төлөө хангалттай бодол эргэцүүлэл, цаг хугацаа зарцуулдаг хүн өдрийн од мэт ховор. Хүмүүс ихэнхдээ мөнгө, албан тушаал мэтийн аз жаргалын шууд бус эх үүсвэрт хамаг хүчээ зориулдаг. Хэцүү бэрхийг даван туулж олж авсныхаа дараа, тэдгээр зүйлс жаргалтай байхад нь ямар хангалтгүйг хүмүүс ухаардаг. Мөнгө бол аз жаргал биш. Аз жаргал ядаж мөнгөтэй төстэй ч биш. Хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөө хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж, хүүнээс хүү бодогдох ид шидийн хүчээр түүнийгээ өсгөж үржүүлж болно. Гэтэл өнөөдөр эдлээгүй аз жаргалыг бид маргааш нөхөж эдэлж чадахгүй. Аз жаргал яг л оюун санаа шиг, ашиглахгүй бол үргэлж хумигдаж байдаг. 80/20 сэтгэгчид өөрт нь юу аз жаргал өгдгийг сайн мэддэг, түүнийхээ төлөө ухамсартайгаар, урам зоригтойгоор, ухаалгаар зүтгэдэг, өнөөдрийн аз жаргал дээрээ түшиглэн маргаашийн аз жаргалаа дэлгэрүүлж явдаг хүмүүс билээ.
ҮҮргэлжлэлийг "80/20 зарчим" номоос уншаарай
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.