Гар барих
Адилхан мэдлэг чадвартай хоёр хүний аль нэгийг ажилд авах болбол гар зөв барьдаг хүнийг нь ажилд авдаг гэж “For-tune шилдэг 500”-д багтах компанийн гүйцэтгэх захирал хэлж байсан нь ерөөсөө мартагддаггүй юм. Арай л хатуу санагдаж байна уу? Магадгүй ээ. Гэхдээ ажлын ярилцлагын үед гар хэрхэн барьж байгааг нь “нийцтэй байдал, хичээл зүтгэл, сэтгэл санааны тогтвортой байдал”-аас илүү чухал болохыг Айовагий Их сургуулийн менежмент судлаачид тодорхойлжээ. Мөн гар барих нь харилцааны үр дүнд нөлөөлж, илүү дотно, итгэл төрүүлэх харилцааг бий болгодог тухай өөр судалгаанууд ч хийгдсэн байдаг. Хичнээн үнэтэй костюм, цаг, цүнхтэй байлаа гээд олигтой гар барьж чадахгүй бол таагүй анхны сэтгэгдэл үлдээх болно гэж би хүмүүст дандаа хэлдэг. Гар зөв барьж чадвал ямар ч дизайнерын костюмаас илүүг атгах болно.
Эрх мэдэлтэй харизмтай байхын тулд гар барихдаа онцгой анхаарах хэрэгтэй. Сул гар барьдаг байж хүчирхэг нэгэн байх боломжгүй. Шалихгүй зүйл мэт санагдаж байж болох ч гар барих нь харилцааг үнэхээр дотно болгож өгдөг. Тухайн хүний хувийн орон зайд нэвтэрч байгаа тул харилцан итгэлцэл бий болдог. Тиймээс гар барьж сурах нь харилцаагаа сайжруулах эхний алхам юм. Гар барьж буй дүрслэл нь анх МЭӨ 2800 оны үед Египетийн уран зураг дээр буусан байдаг. Өдийг хүртэл аль улсад, ямар ч соёлтой байлаа гэсэн гар барих нь нийтлэг соёл болсон байна. Гар барихад ихэвчлэн баруун гар оролцдог бөгөөд эрт үед энэ гараараа хүмүүс зэр зэвсгээ барьдаг байсныг нэг сануулая. Тиймээс гар барих нь нэг ёсны зэвсэггүй, аюулгүй гэсэн дохиог илэрхийлдэг ажээ. Эртний ромын үед гар барихдаа тохойноосоо доогуур атгаж барьдаг байжээ. Ингэснээр ханцуйдаа хутга мэс нуугаагүй гэдгийг мэдэх боломжтой. Дундад зууны үед баатар эрс нуусан зэвсгийг илэрүүлэх гэж гар барьчихаад сэгсэрдэг болсноор өнөөгийн гар барих хэлбэр анх үүссэн гэдэг. Гар барихдаа хүмүүсийн гаргадаг олон алдаа байдаг. Үүнээс хамгийн тааруу гэсэн гар барилтын хэлбэрийг ач үзье.
Үхсэн загас шиг
Энэ бол гар барих хамгийн муу хэлбэр. Сул, үхмэл гараа арайхийн сунгаж гар барихыг хэлнэ. Ингэж гар барих юм бол уулзалт тань эхлэхээсээ өмнө бүтэлгүйтлээ л гэсэн үг. Харамсалтай нь ингэж гар барьдаг олон эмэгтэйтэй би таарч байсан.
Хуруу хугалах шахан барих
Уг нь эр зоригоо л илэрхийлж байгаа хэлбэр нь байх. Гэхдээ ямар ч мэдрэмжгүй гэсэн ойлголт өгөх магадлалтай. Зарим хүмүүс гар барихдаа чанга л баривал сайн гэсэн ташаа ойлголттой байдаг тул хамаг хүчээрээ бусдын гарыг базах нь бий.
Давамгайлсан
Нөгөө хүнийхээ гар дээр гараа тавих гэж алгаа зориуд доош харуулан гар сунгахыг хэлнэ. Өөр нэг хэлбэр нь Мушгин Давамгайлах буюу эхлээд зүгээр гараа сунгачихаад дараа нь алгаа доош нь харуулж, гараа дээр нь тавьж гар барихыг хэлнэ.
Хоёр гараараа барих
Ингэж гар барихад нөгөө хүний зүүн гар нь оролцох бөгөөд таны гарыг давхар атгах, эсвэл бугуй, тохой, мөр, хүзүүнд хүрдэг. Улс төрчдийн гар барилт гэж бас нэрлэдэг бөгөөд нөгөө хүнээ үл хүндэтгэж харьцаж байгааг илэрхийлдэг. Харин нөгөө хүн тань сайн найз тань байвал ингэж гар барих нь хэвийн гэж үздэг.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.