Дэлхийн 2 дугаар дайны дараа амьд үлдсэн Еврейчүүд өөрсдийн үр хүүхдэдээ цэцэрлэг байгуулжээ.Дайнд бүхнээ алдсан, хөрөнгө мөнгөөр дутмагхан тэдэнд цэцэрлэгийн тоглоомын талбайг тохижуулах мөнгө байсангүй. Өндөр өртөгтэй зориулалтын тоглоом авах тэнхэлгүй тэд өөр өөрсдийн гэрээсээ хэмхэрхий ор , хуучирсан сав, ажилладаггүй радио зэрэг хэрэгцээгүй эд хогшлоо цуглуулж гэнэ. Цуглуулсан хаягдал эдүүдийг хооронд нь нааж, залгаж угсраад хүүхдүүдээ тоглуулсан байна. Үр дүн бүхнийг алмайруулсан юм. Тэрхүү хаягдлаар угсарсан тоглоомон дээр тоглож өссөн Еврей үрс өсөж торнимогцоо бүгд өндөр амжилтанд хүрч чаджээ. Үүний учир шалтгаан нь энгийн. Тэрхүү тоглоомон дээр тоглох нь зориулалтын тоглоомон дээр тоглохоос хэд дахин илүү бэрхшээлтэй байжээ.
Ердийн тоглоомын талбайн гулсуур дээр хүүхдүүд гарахад гарц орц гэж бий. Харин хог новшоор сэлбэж хийсэн гулгууран дээр тийм зүйл байхгүй. Хүүхдүүд аль ч талаар нь авирч бас аль ч талаар нь бууж болно. Энэ тоглоомонд ямар ч тогтсон дүрэм байхгүй. Хэрхэхийг зөвхөн тоглож буй хүүхэд л мэднэ. Дүрмийг тэд өөрсдөө зохионо. Харуцлагыг ч мөн адил тоглогч хүүхэд хүлээнэ. Ийм тоглоомон дээр тоглож байгаа хүүхэд өвдөг тохойгоо шалбалах нь туйлын элбэг. Зориулалтын тоглоомоор тоглохоос хэд дахин хүнд бэрхшээлтэй цаг үргэлж тулгардаг учраас хүүхдийн бэрхшээл давах чадамж нь төдий хэмжээгээр нэмэгддэг байна. Түүнчлэн хүүхэд хог новшоор тоглох үедээ хаягдлыг хэрхэн төсөөлж, юу болгож тоглох нь түүний сэтгэмжээс бүрэн шалтгаалдаг тул бүтээлч сэтгэлгээ нь асар өндөр хөгждөг байна. Өдгөө Еврейчүүд ертөнцийн хамгийн баян чинээлэг хүмүүс болсон. Үр хүүхдэдээ цэцэрлэгийн тоглоом бүү хэл цэцэрлэгийг нь бүхлээр нь худалдаж авах чансаатай болцгоосон.
Гэвч өнөөдөр ч Израиль улс болоод дэлхийн томоохон хотууд дахь Еврей суурин дахь цэцэрлэгүүдэд “хог новшин дээр тоглох” уамжлал үргэлжилсээр буй. Энэ нь Еврейчүүдийн орчин цагийн сургуулиас өмнөх боловсролын гол концепц болон үргэлжилсээр байна. Учир нь Еврейчүүд хэтэрхий тухтай тоглоомон дээр тоглож өссөн хүүхэд өрсөлдөх чадваргүй болж төлөвшдөг гэж үздэг. Тоглох үедээ бэрхшээлтэй нүүрэлдэж, түүнийг даван туулж сурах нь хүүхдийн сурах дээд эрдэм гэж тооцдог. Ирээдүйд фейсбүүк, гүүглийг бут цохин гарч ирэх дижитал бизнесийг үүсгэн байгуулах жаал хүү өнөөдөр Израильд хэмхэрхий компьютероор тоглож байж ч мэдэх юм.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.