BOOKLO номын танилцуулга булан маань эхлэж байна. Энэ удаагийн зочноор “Хөгшин гэхдээ арай дээр, Гэхдээ л хөгшин” номын орчуулагч Ж.Энхбаяр эгч маань ирсэн байна.
Booklo: Сайн байна уу?
Ж.Энхбаяр: Сайн сайн байна уу?
Booklo: Энэ номын гарчиг нь сонирхолтой санагдаж байна. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Хөгшин гэхдээ л хөгшин гэдэг нь?
Ж.Энхбаяр: (Инээв) Үүнийг хүмүүс бас их сонирхож асуудаг. Энэ бол “Хаана ч байсан Хэрхэн парисчууд шиг байх вэ?” номын үргэлжлэл юм. Зохиолч нь Каролин Де Мегре хэмээх загварын ертөнцийн нилээн томоохон төлөөлөл болсон хүн байгаа. Ерөнхийдөө амьдралын хэв маягыг тодорхойлсон ном.
Booklo: Энэ ном яг ямар төрлийн номдоо орох вэ? Хувь хүний хөгжил...?
Ж.Энхбаяр: Тийм. Ер нь бол амьдралын хэв маяг, хувь хүний хөгжлийн ном байгаа. Зохиолчид маань өмнө нь “Хаана ч байсан хэрхэн парисчууд шиг байх вэ?” номоо бичихдээ арай залуухан байсан. Одоо 40 гарсан хүмүүс болсон. Тийм учраас хөгширч байна аа, гэхдээ арай дээр, амьдралын туршлагын хувьд, гэхдээ л хөгширч байна гэдэг ийм санааг гаргаж байгаа ном.
Booklo: Энэ номыг яг ямар насны ямар хүмүүс уншвал илүү тохиромжтой вэ?
Ж.Энхбаяр: Яг энэ асуултыг надаас хүмүүс бас асууж байгаа. Хорин хэдтэй охидууд энэ ном надад тохирох уу? Гэж асуудаг. Миний хувьд бол ерөөсөө бүх л насны эмэгтэй хүн унших хэрэгтэй гэж бодож байгаа. Хүн болгон л хөгширдөг. Бид нар бүгдээрээ л энэ амьдралыг туулдаг. Тэгэхээр заавал одоо би хөгширч байгаа учраас энэ номыг уншья биш, ер нь хүний амьдрал яаж явагддагыг энэ номноос өсвөр үеийн хүүхэд ч байна уу, хорин хэдтэй, гучин хэдтэй ч байна уу, эсвэл жар, дал ч байна уу хүн болгон уншиж болно.
Booklo: Одоо уншигчид маань гайхаж байгаа. Энэ ном юуг тэдэнд өгөх юм болоо гэж бодож байгаа байх. Яаж аятайхан хөгшрөх вэ? гэсэн зөвлөгөөнүүд байгаа юмуу? Ер нь доторх агуулга нь яг юу байгаа вэ?
Ж.Энхбаяр: Номын хавтас дээр наслах урлаг гээд бичигдсэн байгаа. Франц эмэгтэйчүүдийн бичсэн ном учраас манай дэлхийн нөгөө талд, нөгөө тивд хүмүүс наслахаараа яаж арьсаа арчилдаг юм бол? Яаж амьдралын хэв маяг нь өөрчлөгддөг юм бол? Яаж хувцасны загвар бас өөрчлөгддөг? Яаж хичнээн хөгширсөн ч дотроо ямар зөрчилдөөнтэй байдаг бол? Залуугаараа дотроо байгаад байдаг ч гуч дөч гарчихаад арван наймтай охин шиг залуу сэтгэлгээтэй хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр ийм зөрчилдөөнтэй байдлыг хөгжилтэйгөөр, нөгөө Парисчууд ном шиг ёжтойгоор бичсэн ном л доо.
Booklo: Тэгэхээр таны хөгшрөлтийн талаарх ойлголт энэ номыг орчуулсны дараа өөрчлөгдсөн үү? Энэ хөгшрөлт гэдэг үйл явцын байгалийн хуулийн талаар танд ямар ойлголт төрсөн бэ?
Ж.Энхбаяр: Ер нь бол би өөрөө хөгшрөхөөс айдаггүй л дээ. Залуу нас гэдэг сайхан ч гуч гараад ирэхээрээ хүмүүс өөрийгөө илүү таниж эхэлдэг. За тэгээд дөч гараад ирэхээрээ яадгийг би мэдэхгүй байна (инээв) Хөгшрөхөөс битгий ай! Гэдэг л гол санаа. Хөгшрөхөөс битгий ай! Харин айж байгаасаа өөрөө ай! гэдэг санаа л даа. Мэдээж энэ үйл явцыг зөвхөн та туулаагүй. Энэ дэлхийд төрсөн амьтан болгон туулдаг. Харин яаж бид нар нэг аятайхан шиг зохицуулаад явчих вэ л гэдгээ бодох хэрэгтэй юм. Энэ номд маш олон зөвлөгөө байгаа.
Booklo: Жишээлбэл?
Ж.Энхбаяр: Гоо сайхны зөвлөгөөнүүд их байдаг л даа. Технологи хөгжсөн одоо үед янз бүрийн гоо сайхны мэс засал хийлгэх үү? Үгүй юу? Гээд эмэгтэй хүмүүсийн ярьдаг олон сэдвүүдийг хөндсөн байгаа. Хувцас загварын хувьд ч гэсэн би ер нь наслаад ирэхээрээ ямар хувцасны сонголтуудыг хийвэл илүү зүгээр бол? Нөгөө талаар гэр бүлийн амьдрал, хайр сэтгэл гэдэг зүйл яаж өөрчлөгдөж хувирдаг юм бэ? Зэрэг сэдвүүд хөндөгдсөн.
Booklo: Одоо та эндээсээ нэг жишээ дурьдвал юу байх уу?
Ж.Энхбаяр: Энэ номын гол санаа нь бол хүн хөгшрөх тусмаа илүү өөртөө итгэлтэй болдог, өөрийгөө таньж мэддэг, эргээд нөгөө туулсан амьдралуудаа эргэцүүлж бодож сайжирдаг. Эрэгтэй хүн дарс хоёр наслах тусмаа сайхан гэж европчууд их ярьдаг. Гэтэл энэ ном дээр энэ санаатай маргалддаг. Жишээлбэл, эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёр ялгаагүй л өтөлдөг. Харин магадгүй эмэгтэй хүн өтлөх тусмаа илүү өөртөө анхаарал тавьдаг болдог. Яагаад гэхээр эмэгтэй хүн илүү өтлөх гээд байдаг байгалийн жамтайгаа тэмцдэг. Тэр талаараа магадгүй эмэгтэй хүн илүү сайхан өтлөдөг байж болох юм ч гэдэг юм уу.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.