УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хүүхэд насны цочрол насан туршийн хар толбо үлдээдэг

BOOKLO номын танилцуулга буланд энэ удаагийн зочноор Алдагдсан холбоо номын орчуулагч Ж.Энхбаяр ирсэн байна. 

Booklo: Сайн байна уу?

Ж.Энхбаяр: Сайн. Сайн байна уу?

Booklo: За хоёулаа уншигчиддаа энэ номын талаар товч ойлголт өгье гэж бодож байна. Та энэ номын агуулгын талаар танилцуулж өгөөч.

Ж.Энхбаяр: Английн сэтгүүлч ЙОХАН ХАРИ гэж хүн өөрийнхөө 4 жил гаруй хугацаанд дэлхий даяар явж хийсэн судалгаан дээрээ үндэслэн энэхүү бүтээлийг бичсэн юм.  Хүмүүс яагаад сэтгэл гутралд автдаг, тэрнээсээ гарах арга зам нь юу юм бэ? гэсэн асуултуудад хариулах зорилготой сэтгэл судлалын ном гэж ойлгож болно. Уг номд хүмүүсийн сэтгэл гутралд автдаг 9 шалтгааныг түүнээс гарах 7 арга замыг базаж гаргасан байгаа.  

Booklo: Жишээлбэл сэтгэл гутралын нэг шалтгаан нь Утга учиртай үнэ цэнээс тусгаарлагдах гэж энэ номд бичсэн байна. Энэ талаар дэлгэрүүлж өгөөч. Энэ яагаад сэтгэл гутралын шалтгаан болдог юм бэ? Үүнээс гарах арга зам нь юу байдаг вэ? 

Ж.Энхбаяр: Эхлээд 9 шалтгааныг товчхон дурдахад жишээлбэл Утга учиртай ажлаас тусгаарлагдах нь, хүүхэд насны цочирдол, мөн чиний сая асуусан Утга учиртай үнэ цэнээс тусгаарлагдсанаараа яагаад сэтгэл гутралд автдаг вэ гэх мэт шалтгаанууд байдаг.  Үнэ цэнэ гэдэг асуултын тухайд уг номыг орчуулж байхдаа би өөрөөсөө ч асууж байсан асуулт юм. Яг үнэ цэнэ гэж юу юм бэ? Хүн төрөлхтний хувьд үнэ цэнэ гэдэг яг юун дээр оршин тогтдог вэ? Гэдэг асуултыг бид өөрсдөөсөө асууж байх ёстой. Магадгүй бид нар нийгмийн маш олон үзэгдлээс шалтгаалаад өөрийнхөө бодит үнэ цэнийг алдаж эхэлдэг юм байна. Тэгэхээр тэр бодит үнэ цэнээ алдсанаар хүмүүс сэтгэл гутралд автах магадлал нь маш өндөр болдог. Яг тодорхой жишээ гэвэл бид нар илүү сайхан юм хэрэглэснээр, илүү том байшинтай болсоноор, илүү сайхан машин авснаараа, илүү гоё ажилд орсноор гэх мэтчилэн бусдаас илүү л байх юм бол илүү аз жаргалтай болно гэдэг ерөнхий ухагдахуунтай болчихсон байна. Гэтэл яг энэ маань бид нарын хүн төрөлхтөний бодит үнэ цэнэ мөн үү? гэвэл үгүй. Тэгэхээр эд зүйл гэдэг юмаар өөрийгөө нөхсөнөөрөө өөрийнхөөрөө яг дотор байгаа жинхэнэ бодит үнэ цэнийг алдаж эхлэж байна л даа. 

Booklo: Үнэ цэнээсээ тусгаарлагдана гэдгийг нэг өгүүлбэрээр тайлбарлавал?

Ж.Энхбаяр: Таны яг бодит үнэ цэнэ юу юм бэ? гэдгийг та өөрөөсөө нэг асуух хэрэгтэй юм. Бид нар өнөөдөр нөгөө завгүй амьдралынхаа нугачаанд энэ асуултыг асуух байтугай бүр тархиныхаа ард орхичоод явж байдаг. Тиймээс нэгдүгээрт миний үнэ цэнэ юу юм бэ? Миний амьдралд надад хамгийн чухал зүйл юу юм? гэдэг асуултыг асуух хэрэгтэй юм байна. Үүнийг бүр шинжлэх ухааны үндэстэйгээр маш олон хүмүүсийг, өөрсдийнх нь хүүхдүүдтэй нь цуглуулаад яг энэ асуултыг асуугаад судалгаа явуулсан байдаг.  Судалгаанд оролцогчид эхлээд том компанийн захирал болох, алдартай хүн болох гэх мэтээр хариулж байсан бол судалгааны явцад маш олон асуулт хариултын үндсэн дээр нөгөө хүмүүс маань эргээд ухаарч эхэлдэг л дээ. Нэг хүүхэд жишээ нь судалгааны сүүлийн дүгнэлт дээр чиний үнэ цэнэ юу вэ? Гэхэд ХАЙР гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг л бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй юм байна. Энэ бол тийм хүнд зүйл биш...

Booklo: Олж илрүүлэх л ёстой гэсэн үг байх нь?

Ж.Энхбаяр: Тийм. Хүнд зүйл бол биш. Дахин дахин өөрөөсөө асуух, бясалгах тэгээд  бага багаар хэрэгжүүлэх тухай ойлголт юм. 

Booklo: Та энэ номыг орчуулж байхад манай монголчуудын хувьд сэтгэл гутралын томоохон шалтгаан нь юу гэж бодогдож байсан бэ? 

Ж.Энхбаяр: Ер нь энэ 9 шалтгаан бүгд түгээмэл.  Харин би алийг нь чухалчмаар байна гэхээр хүүхэд насны цочрол гэдэг юм маш их чухал санагддаг. Яагаад гэхээр яг өнөөгийн нийгэмд гэр бүлийн салалт гэсэн зүйл маш их байгаа. Ийм асуудлаас болоод хүүхэд насны цочролоосоо болоод тэр хүнд насан туршид нь амьдралд нь ямар нэгэн байдлаар хар толбо үлддэг. Эргээд тэр нь сэтгэл гутрал болох сэтгэлийн айдас түгшүүр болдог. Тэгэхээр хүүхэд насны цочрол гэдэг зүйлийг хүмүүс бас олж хараасай гэж хүсдэг. Зөвхөн өнөөдөр гэр бүл салах нь тэр эрэгтэй эмэгтэй хүний асуудал биш үр хүүхдэд чинь, ирээдүй хойч үед чинь том цохилт болдог. 

Booklo: Ингээд энэ удаагийн номын танилцуулга буланд маань ирж номоо танилцуулсан танд баярлалаа. Хэрвээ уншигч танд сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байгаа эсвэл таны эргэн тойрны хүмүүст ийм шинж тэмдэг илэрч байгаа бол Алдагдсан холбоо номыг заавал авч уншаарай гэж зөвлөмөөр байна. За баярлалаа.

Ж.Энхбаяр: За баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.