УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Мэдээлэл болгон мэдлэг болж чаддаггүй

Бусдыг сохроор хошууран дагах үзэгдлийг нийгмийн сэтгэл судлалд Нийтийг Дагах Үзэгдэл гэж нэрлэдэг. Мөн Сүргийн Зөн Совин гэж нэрлэх нь ч бий. Энэ нь нийгэмд болдог бүхий л хөөсрөл, туйлшрал, сенсацлал, хувьцааны зах зээлийн цочролуудын цаадах үл үзэгдэх гар юм. 

Сошиал мэдиа эрчимтэй хөгжиж, мэдээллийн шуурга дэгдэж буй цаг үед амьдарч байгаа бидэнд энэ ойлголтын талаар мэддэг байх зайлшгүй шаардлага тулгарчээ. Бид амьдралынхаа нилээдгүй цаг хугацааг сенсаци мэдээ үзэхэд зарцуулж, сэтгэл санааны хувьд нэг өргөгдөж, нэг унаж, өөрсдийгөө эрүүл мэнд, санхүү болон сэтгэл санааны тогворгүй байдалд оруулж байна. Тиймээс мэдээллийн шуурганд хөл алдахгүй, тэнцвэрээ олж сурах нь  нэн тэргүүнд эзэмших ёстой ур чадвар болоод байна. 

Тэгвэл мэдээлэлд  хэрхэн анхан шатны дүн шинжилгээ хийх вэ? Хэрхэн энэ галзуу нийгэмд өөрийн толгой”-той үлдэх вэ? Бусдыг “сохроор” хошууран дагагч болохгүйн тулд яах ёстой вэ?

Нэгдүгээрт, тухайн мэдээлэл танд хэрэгтэй юу? Таны амьдралд хамаатай юу? гэдгийг өөрөөсөө асуугаарай. Хэрвээ үгүй бол тэр мэдээллийг үзэж цаг болон эрч хүчээ барах хэрэггүй.

Хэрвээ тиймгэж хариулж байгаа бол тухайн мэдээллийг шүүн боловсруулж, бодит бөгөөд чанартай мэдээлэл мөн үү гэдгийг нь таних хэрэгтэй. Ингэхийн тулд дараах асуултуудыг ашиглаарай.

1.  Тухайн мэдээллийн эх сурвалж нь баталгаатай юу? Албан ёсны эх сурвалж мөн үү? 

2. Уг мэдээлэл баримт нотолгоон дээр суурилсан уу? Эсвэл зүгээр хэн нэгний хувийн үзэл бодол юм уу? 

3.Уг мэдээлэл олон талын байр суурийг харгалзан үзсэн үү? Эсвэл зөвхөн нэг талыг баримталсан, нэг өнцгийг харуулсан мэдээлэл байна уу?

4. Уг мэдээллийг ямар зорилгоор цацаж байна вэ? Хэн нэгний нэр төрийг зориудаар унагаах эсвэл өргөх зорилготой байна уу? Бизнесийн ашиг сонирхолтой байна уу? Эсвэл зүгээр л мэдээлэгч нь олон нийтээс хандалт авах зорилгоор дэвэргэжбайна уу?

5. Уг мэдээлэлд  харьцуулсан дүн шинжилгээ  хийгдсэн байна уу? Өөр ижил төрлийн үйл явдлуудтай мөн цаг хугацааны хувьд өмнөх он жилүүдтэй харьцуулалт хийгдэж үү? 

6. Тухайн мэдээллийн цаана байгаа тоон үзүүлэлтийг харуулсан байна уу? Эсвэл зүгээр уйлж буй эмэгтэй”-н зургыг харуулж байгаад таны сэтгэл хөдлөлийг ашиглахыг хүсч байна уу?

7. Эцэст нь сенсаци мэдээ болгонд ач холбогдол өгч өөрийн цаг хугацаа, эрч хүчээ зориулах хэрэг байна уу? Тэр мэдээлэл таны амьдралд хэр хамаатай вэ? Сенсаци болж буй мэдээнд хэт анхаарах нь  өөр бусад чухал зүйлсийг үл тоох эрсдэлд таныг оруулж байдаг гэдгийг санаарай.

Нийтлэлийг бичсэн Ц.Батцэцэг


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.