УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Ихэмсэг болоод өөртөө итгэлтэй байдал нь Франц болон Монгол эмэгтэйчүүдийн нийтлэг шинж чанар юм.

   Энэ өдрийн мэндийг хүргэе! Та Парис бүсгүйчүүдийн талаар ном орчуулж гаргасан байна. Парис бүсгүйчүүд гэж яг ямар бүсгүйчүүдийг хэлэх вэ?

Ж.Энхбаяр: За эхлээд ямар ч байсан номоо товч танилцуулахад анх 2015 онд орчуулж гаргаж байсан энэ ном маань өөрөө 2014 онд хэвлэгдэж анх гарсан. Монгол хэл дээр бол 2015 онд гарсан. Тэгээд Хаана ч Байсан Хэрхэн Парисчууд Шиг Байх вэ? гэхээр хүмүүс надаас асуудаг л даа “Яагаад Монгол бүсгүйчүүд Парис бүсгүйчүүд шиг байх ёстой юм? Бид нар өөрийн гэсэн онцлогтой, зан чанартай шинж чанартай биз дээ?” гээд. Заавал парисчууд шиг бай гэж байгаа юм биш. Улс орон болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг ч гэсэн тэндээс сурах зүйлс зөндөө байдаг. Парис эмэгтэйчүүд  монгол эмэгтэйчүүдээс сурах зүйлс ч байгаа. Бид нар Парис, Франц гэхээр загварын орон гэдгээр нь бол мэднэ. Тэгэхээр энэ номыг бичсэн эмэгтэй маань өөрөө Каролин Де Мегре гээд загварын хамгийн том одуудын нэг. Тэр өөрийнхөө гурван найзын хамт бичсэн. Тийм ч учраас бид нарт загварын тал дээр маш олон зөвлөгөө өгсөн байдаг.

 

Та жишээ дурдвал ямар ямар зөвлөгөө байх уу?

Ж.Энхбаяр: Загвараас гадна “Хүн өөрийн сайн болон сул талуудаа хэрхэн хүлээн зөвшөөрөх  үү?  Мөн та амьдралыг хэтэрхий хүндээр хүлээж авах шаардлагагүй ээ, амьдрал бол тэртэй тэргүй үргэлжлээд явдаг зүйл. Харин та өөрийнхөөрөө байх хэрэгтэй” гэсэн гол ерөнхий санаатай ном юм. Ер нь их хөнгөн маягаар бичигдсэн ном л доо.

Энэ номноос манай монгол эмэгтэйчүүд яг юу авах вэ? Яг ямар зөвөлгөө өгч байгаа вэ? Монгол эмэгтэйчүүдэд та зориулаад хэлэхэд...

 

Ж.Энхбаяр: Ер нь энэ ном маань Монголоос гадна олон оронд орчуулагдаж гарсан. Тэгэхээр зөвхөн Монгол эмэгтэйчүүдэд гэлтгүй дэлхийн олон орны эмэгтэйчүүд эндээс юуг авч болох вэ? гэхээр миний хувьд бол анх өөрөө эхлээд уншиж үзээд дараа нь орчуулахаар шийдсэн юм. Тэр үед намайг ямар нэгэн байдлаар “сип” гээд өргөсөн ном юм л даа. Сэтгэл зүйн хувьд та заавал юм болгоныг хүндээр хүлээн авч, хэтэрхий чухалчлах шаардлагагүй ээ. Өөрийнхөөрөө л бай. Ер нь хүссэн зүйлээ хийгээд амьдар, гэхдээ мэдээж өөрийн ёс суртахуун дээрээ тулгуурлаад өөрийнхөө хүссэнээр хувцасла, өөрийнхөө хүссэнээр боловсор, өөрийнхөө хүссэн газартаа очиж амьдар, хүссэн ажлаа хий гэдэг ерөнхий ийм гол санаатай.

Монгол эмэгтэйчүүд Парис эмэгтэйчүүдийн ялгаа гэвэл та юуг хэлэх вэ?

Ж.Энхбаяр: Ялгаа гэхээсээ илүү би нэг юмыг ижилхэн юм байна гэж олж хардаг. Би өөрөө Парисд сурсан л даа. Тэгээд Монгол соёл болон Франц соёл хоёр юугаараа төстэй вэ гэхээр хоёулаа эзэнт гүрнүүдтэй байсан орнууд юм. Тийм учраас Монгол хүмүүс болон Франц хүмүүст ихэмсэг зан байдаг. Энэ нь эмэгтэйчүүд дээр их анзаарагддаг л даа. Дээр үед хатад маань хамгийн сайн сайхныг хэрэглэж л байсан байлгүй дээ тэ? Тэрэн шиг Франц ч гэсэн маш олон жилийн турш эзэнт гүрнүүдтэй байсан учраас хамгийн сайн сайхныг л хэрэглэж байсан хүмүүс. Тэр утгаараа магадгүй бидний аль алинд өөртөө итгэлтэй, ихэмсэг зан байдаг.

Энэ номыг ямар хүмүүст унш гэж зөвлөмөөр байна вэ? Яагаад эмэгтэйчүүд энэ номыг унших ёстой гэж?

Ж.Энхбаяр: Би эрэгтэй хүмүүсийг унш гэж хэлэхэд сонин юм шиг боловч уншихад ер нь илүүдэхгүй. Мэдээж бүх насны эмэгтэй хүн уншихад болно. Тэрнээс гадна хэрвээ эмэгтэй хүнийг дотороос нь ойлгоё  гэвэл эрэгтэй хүн бас уншиж болно. Энд зөвхөн Франц эмэгтэй Парис эмэгтэйн талаар биш ерөнхийдөө эмэгтэй хүн дотроо юу бодож явдгийг нилээн хөгжилтэйгөөр, ёгтолсон маягаар бичсэн нь онцлогтой. Ер нь эрэгтэй хүмүүс эхнэрээ, найз охиноо сайн ойлгохыг хүсэж байгаа бол бас авч уншиж болох юм.

Эмэгтэй хүн таны бодлоор энэ номыг уншвал өөрт нь яг ямар нөлөөлөл өгнө гэж та бодож байна вэ?

Ж.Энхбаяр: Надад хүмүүсээс олон санал сэтгэгдэл ирсэн л дээ. Тэндээс харж байхад “Би өөрийгөө заавал энэ замаар амьдрах ёстой гээд бодож байтал хүнд бас А-с гадна Б, Я гэдэг хувилбар бас байж болох юм байнааа” гэдэг сэтгэгдэлийг энэ номыг уншаад авлаа гэсэн сэтгэгдлүүд их байсан.

Хэтэрхий хэвшмэл байх шаардлагагүй гэсэн үг үү? 

Ж.Энхбаяр: Тийм. Магадгүй нэг талаараа тийм утгатай юм.

Би энэ номыг ерөнхийд нь гүйлгэж харахад нилээн өвөрмөц бичлэгтэй, хэн ч уншсан тийм хөнгөн, бараг алжаал тайлахаар маягын бичигдсэн байсан. Тэр нь их таалагдсан. Мөн номынхоо бичлэгтэй адилхан эмэгтэй хүнийг  тийм хэтэрхий  хүнд биш, ер нь хөнгөн амьдраарай гээд ч байгаа юм шиг сэтгэгдэл надад төрсөн. Та үүнтэй санал нийлэх үү?

Ж.Энхбаяр: Тийм нийлнэ. Жишээлбэл ер нь аливаа зүйл дээр яг чин сэтгэлээсээ хандаад үр дүн нь ямар ч гарсан байсан тэрийг хүндээр тусгаж авах албагүй ээ! Эмэгтэй хүн гэлтгүй хүний амьдралд маш олон зүйл тохиолддог. Амьдрал чинь баялаг учраас юу ч тохиолдож болно. Тэр болгонд ер нь болж өгвөл бэлэн бай, тэрнийгээ бас хэтэрхий хүндээр хүлээж авах шаардлагагүй. Тэгээд ер нь болж өгвөл л хүмүүсийн ширээний ном байх хэрэгтэй гэж би өөрөө боддог.

Ер нь бол эмэгтэй хүмүүст зориулсан ном уу?

Ж.Энхбаяр: Магадгүй. Энэ номыг орчуулж байх явцдаа “Яахав дээ надад олон сул тал байдаг. Би заавал төгс байх шаардлагагүй. Тэртэй тэргүй энэ дэлхий ертөнц дээр төгс юм гэж ер нь юу байхав. Магадгүй эхийн хайр л байх.” гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгээд хэтэрхий өөрийгөө дарамталж амьдрахгүй байх. Зарим хүмүүс өөртөө хэтэрхий ачаа өгдөг. Энэ их ачаагаа бага ч гэсэн багасгаасай гэдэг үүднээс энэ номыг уншихыг зөвлөдөг. Эргээд бодохоор миний амьдралд энэ ном нөлөөлсөн юм их байдаг л даа, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд.

Энэ номноос яг гурван санааг онцолж хэлвэл? Та өөрийнхөөрөө байх гэж хэлж байсан?

Ж.Энхбаяр: Хүн амьдралдаа энгийн байх тусмаа гоё юм байна нэгдүгээрт,  хувцаслалт  дээр ч ялгаагүй зүгээр амьдралаа авч явж байгаа байдал дээр ч ялгаагүй. Харин хайр сэтгэлийн хувьд бол  хүн болгон л туулах амьдралаа туулаад явдаг шүү дээ.  Хамгийн нэгдүгээрт нь магадгүй энгийн бай гэдэг зөвлөгөө байх л даа. Хоёрдугаарт, ямар нэгэн дүр эсгэхгүйгээр яг өөрийнхөөрөө байх.  Гуравдугаарт, магадгүй хувцас загвар дээр жишээлбэл эмэгтэй хүнд заавал байх ёстой зүйл бол хар туфль, цагаан цамц, цэнхэр жийнс, ноолууран цамц ч гэдэг юм уу.  Хэрвээ та ноосон цамц авахаар болвол тэр чинь ноолууран цамц байг ч гэдэг юм уу...

Амьдралын хэв маягын хувьд ямархуу зөвлөгөө байдаг вэ?

Ж.Энхбаяр: Амьдралын хэв маягын хувьд мэдээж хоёр өөр соёлтой орон учраас өөр байдаг. Гэхдээ жишээ хэлбэл, магадгүй та оройны хоолонд  найз нөхдөө урих гэж байгаа бол  зургаагаас дээш хүн битгий уриарай гэдэг ч юм уу, хөгжилтэй зөвлөгөөнүүд маш их байдаг л даа. Ер нь эмэгтэй хүн ямар амьдралын хэв маягтай байдгийн манай нөгөө тивд? Тэд нараас бид нарт суралцах ёстой зүйлс нь юу байдгийн? Гэдгийг  маш хөнгөнөөр, хөгжилтэй байдлаар гаргасан ном юм. 

За энэ удаагийн зочноор ирж номоо танилцуулсан танд маш их баярлалаа. Манай монгол бүсгүйчүүд маань бас энэ номыг заавал уншиж үзээрэй. Маш сонирхолтой ном байсан. Баярлалаа.

Ж.Энхбаяр: За. Та бүхэнд бас баярлалаа. 

  Нийтлэгч: А.Энхмандах 05/07/2020


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

enkhmandakh 2020.04.28
их сайхан ярилцлага болсон байналээ.