Монгол Улсын аварга С.Мөнхбатын бага насны амьдрал дурсамж, амжилтын түүх, алдаа оноо, хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг тусгасан "Эзэн байя" ном хэвлэгдэн гарлаа.
...“Зовлонгийн утга учраа олох” гэх үгс надад их дотно ойр сонсогдов. Миний хувьд хүнд хатуу бэлтгэл, бэртэл өвдөлтүүдийг давж гарахад хамгийн дэм болдог зүйл утга учир байлаа. “Би аварга болохын төлөө энэ бүхнийг хийж байгаа шүү дээ” гэж бодмогц зовлон бэрхшээл маань утга учиртай болчихдогсон. Утга учиртай бэрхшээлийг хүн давах аргаа олно. Баяр жаргал хүртэл утга учиртай байж сая баяр жаргал болдог. Ирээдүйд тавьсан зорилготой хүнд л уулыг давж, усыг гатлах хүч бий. Тамлал, тарчлаан дүүрэн хорих лагерь ч бай, жаргал зовлон ээлжилсэн хүний хорвоо ч бай хүнд гагцхүү хүсэл мөрөөдөл л чухлыг дээрх жишээ харуулж байна. “Хүн яагаад амьд үлддэг вэ гэдэг нь түүний ямар мөрөөдөлтэй байснаас шалтгаалдаг” гэсэн Виктор Франклын үгийг охин маань төгсгөлд нь уншиж өглөө.
Одоо тэгвэл мөрөөдөх яагаад чухал вэ гэдгийг тайлбарлах гээд оролдъё. Жишээ нь, та “Range Rover Evoque” машинд дурлаж, ийм машинтай болохыг хүсжээ гэж бодъё. Та энэ загварын машиныг сонирхож эхэлснээр тархинд “энэ чухал мэдээлэл” гэж бүртгэгдэж эхэлнэ. Машинаа сонирхсоор байвал тархи үүнийг өөрт хэрэгтэй, хамаатай зүйл гэж ойлгоно. Ингээд гудамжаар явахад хаа сайгүй Range Rover машинтай таарч эхэлнэ. Энэ нь гэнэтхэн энэ төрлийн машин олон болчихсон гэсэн үг биш өмнө нь ч байсан. Гэхдээ таны тархи анзаарч эхэлж байгаа нь тэр. Тархинд шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг RAS (Reticular Activating System) гэж хэсэг бий. Таны ухамсарт орж ирсэн мэдээллийг “энэ чухал уу, үгүй юу” гэж шүүж зөвхөн хэрэгтэйг сонгон танд анхааруулдаг гэсэн үг. Тэгэхээр та “би мундаг эмч болно. Би гадагшаа явж сурна. Эсвэл би дэлхийд нэртэй тамирчин болно” гэж байнга давтан санах, төсөөлөх, бичих, ярьж хэлснээр тархинд шинэ холбооснууд үүсгэх, сэтгэлзүйг чиглүүлэх, улмаар тархины уян хатан чанарыг идэвхжүүлдэг гэсэн үг. Хүн нэг зүйлийг дахин дахин бодох төсөөлөх үед тухайн мэдээлэлтэй холбоотой мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдож эхэлдэг. Тархинд энэ зүйл чухал гэж тэмдэглэгдэж аваад танд түүнтэй холбоотой мэдээлэл, арга зам, боломж олох чадваруудыг тархи танд өгч эхэлдэг. Мөрөөдөөд байвал мөрөөдөлдөө хүрэх зам бага багаар таны өмнө нээгдэж эхэлнэ гэсэн үг. Юу хийх ёстойгоо та харснаар үйлдэл хийж эхэлнэ. Үйлдэл хийснээр RAS-д илүү чухал даалгавар өгч, тархины сүлжээ таны мөрөөдлийг дэмжиж ажиллаж эхэлнэ.
Иймээс та тархины шүүлтүүр хэсэгт мөрөөдөл зорилгоо тогтмол “сануулснаар” ухамсар болон ухамсарт бус түвшинд чухал гэсэн ангилалд суулгаж чадна. Суулгахын тулд та өдөр бүр тогтмол цагийг зарцуул. Өдөр бүр бичиж түүнийгээ чангаар унших эсвэл над шиг “Би аварга болчхоод ингэж тугаа тойрно” гэж үйлдлээр үзүүлж нөхдөдөө ярьж ч болно. Гол нь төсөөлөл мөрөөдлөө тогтмол өөртөө сануулж давтах нь чухал. Давтан хийх, давтан бичих, давтан мөрөөдөх бол мэдрэлийн сүлжээний холбоос баталгаажихад хамгийн чухал. Өдрийн бодол шөнийн зүүд болоод иртэл түүндээ итгэж авт. Бөх болох залуус бол мэх барилдаан зүүдэлтлээ л автах хэрэгтэй. Би нийтийн тээврээр зорчиж явахдаа, гудамд алхаж явахдаа л өөрийн мэдэлгүй дотроо төсөөлсөн мэхээ ганцаараа давтчихсан, эргүү хүн шиг хөл гараа сарвагануулчихсан явж байснаа санадаг. Барилдаанаас өөр ер нь юу ч бодогдохоо байчихдаг. Аварга болоод индэр өөд алхаж байгаа дүр зураг л нүдэнд харагдаад байдаг болчихдог.
Тархи өөрчлөгдөөд эхлэхээр хүний бие махбод дагаад өөрийгөө бэлтгэж, өөрчлөгдөж эхэлдэг. Хамгийн сонирхолтой нь хүний тархи төсөөлөл, бодит байдал хоёрыг маш төстэйгөөр хүлээн авдаг. Товчхондоо төсөөллийн дасгалаар булчингийн мэдрэлийн идэвхжилийг сайжруулж болно гэсэн үг. Аймшигтай зүйлсийг төсөөлөхөд зүрхний хэм өөрчлөгдөж, гарын алга хөлөрдөг шүү дээ. Энэ нь тархи төсөөлөлд физиологийн хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Өөрийгөө аварга болчихсоноор төсөөлөхөд яг л жинхэнээсээ улсын наадамд түрүүлсэн гэлтэй аз жаргалыг мэдэрч таашаал авдаг. Иймээс мөрөөдлөө аль болох бодитоор төсөөл. Мэдээж мөрөөдөл бүхэн чинь биелэхгүй. Гэхдээ зарим нь биелнэ.