"Аавын нөмөртэй орчлон"
Зохиолч Ж.Амгаланбаатарын өгүүллэгийн шинэ түүвэр
Хүн төрөхөөс үхэх хүртлээ хайж, тэмүүлж, заримдаа алддаг зүйл бол нөмөр. Энэ нөмөр аавын гараас эхлээд амьдралын олон өнгө дунд биднийг түшиж, тэтгэж байдаг. Ж.Амгаланбаатарын “Аавын нөмөртэй орчлон” түүвэрт багтсан өгүүллэгүүд ийм л нөмөр, түшиг, хайр, бас амьдралын гашуун үнэнийг нэгэн зэрэг мэдрүүлнэ.
Утга зохиолын шүүмжлэгч Л.Самбуу түүний бүтээлийг “Дүрийн дотоод ертөнцийг сэтгэлзүйн нарийн хөдөлгөөнөөр задлаж, уншигчийн зөн совинд гүн ул мөр үлдээдэг ховор уран бүтээлч” хэмээн үнэлсэн. Ж.Амгаланбаатарын үг бүр амьдралын үнэртэй, хүний дотоод гүн рүү өнгийдөг. Тэр дүрээ амилуулж, уншигчийг инээлгэж, гуниглуулж, бодолд автуулна.
34. ШАРГАДАЙН ААВ НЬ ЧУХАМ ХЭН НЬ ЮМ БОЛ ? /шүүмж-эргэцүүлэл/
Зохиолч Ж.Амгаланбаатарын “ААВ” өгүүллэгийг уншлаа. Хөдөөгийн хүмүүсийн аж байдал, амьдрал ахуйг нуугисан монгол үгсээр эвлэгхэн өгүүлэхийн хамт адармаатай нэг асуудлыг хөндөн уншигчдын эрхшээлд үлдээжээ. Өгүүллэгийн үйл явдлын гол дүр /фигур/ нь Шаргадай хэмээх тав зургаа насны шар хүү байх. Усан борооноор энэ хүүг эцэг нь дагуулан найз өвгөнийдөө зочлон ирнэ. Гэрийн эзний, бага ангиа дөнгөж дүүргэсэн хүү ирж буй зочдыг угтан, нохой хорихоор очихдоо “ шар жаалын унаж ирсэн хөөрхөн хар байдасны толгойд цоо шинэхэн элдүүрээс дөнгөж гарсан бол уу гэмээр шинэ сураар зангидсан хазаар ногт ... Тохом нь ч шинэ. Час улаан эмжээр нь тодхон харагдаж хараа булаана” Эндээс харахад морилон ирж буй шар хүү их дэгжин, чамин гоё эд зүйлс хэрэглэдэг, эрх танхи нь мэдэгдэнэ. Нохой хорьсон жаал гэрт ороод бас л нөгөө шар хүүг ажиглаж сууна. “Аав тэр хоёр ойр зуурын мэнд сольж, тамхилахуйд нэг анзаарвал нөгөө шоотойсон шар золиг чинь эгээ л Баяраа ах шиг хэдийнээ завилаад суучихсан, өөр шигээ хөөрхөн мод толгой гарган тамхилахаар зэхэж харагдав. - Хээ ер! гэж ээжийг уулга алдахуйд шар жаал мэгдэж, мод толгойгоо хумин авсанд Баяраа ах: - Аль яах нь вэ, миний Шаргадайг гэж” өмөөрөх маягтай хэлэхэд, Аав “ – За манай Шаргадай аль нэг тамхилаадах хэмээсэнд жаалхүү их л дүрэмдүү мод толгойгоо ханцуйндаа шудран хээв нэг тамхилав”. Энэ дүр хөдөөгийн нэлээд тансаг харчуулын хэв шинжит дүр болж харагдана. “Аав тэр хоёр нэлээд халж дуу нь чангарав. Тэрээр шар хүүгийнхээ толгойг илж, - Муу аавыгаа орчлонд олж ирсэн юм. Төөрч төрсөн үр минь хэмээн хонгор дайхыг нь үнэрлэв”. Аавыгаа олж ирсэн? Энэ үгэнд учир их байнаа. Тэр хүү Бараахайн хүүхэд биш гэсэн санаа далд байна. Үйл явдлын явцад энэ үг тайлагдах ч үгүй уншигчдын сэтгэлд үлдэж мэднэ. Одоо Бараахайн хүүхэд бишийг магадлах санааг эх бичвэр /тест/-ээс хайя. “Аав хүүгийн хамт гийчдээ үдээд гэр өөд зүглэх зуур би, -Аав аа, Бараахай маань энэ хүүгээ хаанаас олж авсан юм бэ? Бусад хүүхдүүд нь божин бор гэвэл -Хүү минь чи юу ярина вэ. Хорол эгчээс нь гарахгүй өөр яадаг юм. За тэгээд жоохон хүүхэд хэрэгт их дурлаад байвал хушуу нь суначихдаг юм гээд их дургүй бололтой шилнээс минь базан алхав” “Ижийг ор засах зуурт би дөхөн, - Хорол эгч чинь бов бор. Бараахай хар мөртлөө жаал нь хужирхай шиг шар юм аа гэж шивэгнэтэл зузаан гуяан дундуур өвдтөл чихэн , - Хош, унт одоо. Энэ хүүхэд чинь ярих ярихгүй юм буваад байх нь гэж зандрав “ Эцэг эх нь ингэж ихэд дургүйцэхийг бодоход Шаргадай гэх хүү аавынх нь хүүхэд байвал яана. Зохиолч энэ тухай тодорхой бичээгүй. Зохиол бүтээл уншигч зохиолч хоёрын хамтын бүтээл байдаг. Энэ зарчим энд үйлчилж байна Зохиолч Ж.Амгаланбаатар ямар санаагаар бичсэн, уншигчид юу гэж ойлгохыг мэдэхийн аргагүй. Бас аавынх нь хүүхэд байж болох нэг нотлох баримт бол “ Хорол эгч гэж их царайлаг, хөдөөд гэхэд гэгээ татсан, мэлтэлзсэн сайхан зантай, инээсэн ханиасан, яриа хөөрөөтэй гоо сайхан эгч байсан санагдана” Ийм сайхан хүүхэнд эрчүүд, тэр тусмаа нутаг нугынх нь зэргэлдээ эр хүн ойртоод авсан байж болох шүү дээ. Бас “ Шаргадайг ээж нь гэдсэндээ олсны дараахан Бараахай маань аав дээр минь ирж анд хамт явсан гэдэг. Хоёр анд хэдэн өдрийг нуруу дамжин мод сараалж хэрсээр өнгөрөөсөн юм гэнэлээ. Ямар юмных нь ан хийхэв. Найзууд хоорондоо юу эсийг хүүрнэхэв. Эцэст нь Бараахай аавтай минь хээрийн цай тухалж хүртээд ингэсэн заяаг би яалтай.” Ингэж явахдаа л хоёр найз нууц юмаа бие биендээ илэн далангүй дэлгэж цайрсан бололтой. Усан борооноор Бараахай хүүгээ дагуулан тэднийд ирж байгаа нь “хүүгий нь ямар хөөрхөн эр болсныг нь л харуулах гэсэн үйлдэл байж гэж бодогдоно. Шаргалдай хэний хүүхэд болохыг ингээд орхие. “Аав” өгүүллэг ийм хөндүүр сэдэв хөндснөөс гадна бичлэгийн урлах аргын хувьд онцгой. Энэ талаар бас дуугүй өнгөрөхийн аргагүй. Ж. Амгаланбаатарт жинхэнэ монгол хэллэг байдаг юм. Сүүлийн үеийн хүүхдүүд байтугай монголоо мартсан хотынхон ч зарим нь уншаад ойлгохгүй дэг ээ. “ Урд хамрын хөтлөөр, тохом татсан, хөлийн хурдаар хэрэгт дурлан харайв, мод толгойгоо хумин, их л дүрэмдүү, мод толгойгоо ханцуйндаа шудран” гэх хэлц үгс нь тухайн нөхцөлд их оновчтой, ахуйн дүрслэлийн уран яруу хэллэгийн дээд илэрхийлэл болжээ. Тус өгүүллэгээс цөөхөн хэдэн хэлц авахад л энэ шүү дээ. Одоо цагт ийм дүрслэлийг биччих зохиолч ч мод толгой шиг ховордоо биз ээ. Зохиолч Ж.Амгаланбаатарын монгол сэтгэлгээ эвдрээгүй хөдөөнийхний л хэлдэг хэлцийг хэлээд байх юм. Хэлц үг нь тухайн ард түмнийхээ амьдралын өвөрмөц онцлог, ёс заншил, түүх соёл, сэтгэлгээг тусгадаг. Энэ үүднээс авч үзвэл, монгол хэлний үндэсний онцлогтой үг хэллэг нь монголчууд бидний соёл сэтгэлгээ, зан заншил, улалжлалыг хадгалсан язгуур үнэт зүйлсийн нэг юм. Өнөө цагт гадаад орны зарим хэл монголчуудын тархи толгойг зайдлан ноёлж, бидний хэл яриа бичиг соёлд монгол ахуй, амьдралыг дүрслэсэн үг хэллэг ховордлоо. Үүн дээр нэрмээс болж гадны уран зохиолын модон хэлтэй больхи орчуулгын ном олширч байна. Үүнийг сөрөх мэт зохиолч Ж.Амгаланбаатарын монгол хэллэгтэй хэдэн сайхан өгүүллэгүүд гарлаа. Үүнд талархан бяцхан шүүмж -эргэцүүллээ өндөрлөв. Тун удахгүй Ж.Амгаланбаатарын шилдэг өгүүллэгийн түүвэр гарах сураг бий. Тэнд “Аав” өгүүллэг байраа эзлэх нь лавтай. Эрхэм уншигчид та бүхэн болгоон уншина биз ээ
Тоо хэмжээ :
Сэтгэгдэл байхгүй байна.