Зохиолд удам угсаагаараа холбоотой ах дүүсийн хүүхдүүд болох Жаарай, Дунцаг нарын амьдрал, хайр сэтгэлд хандах хандлага нь үйл явдлын зөрчилтэт өгүүлэмжийг үүсгэн тэр нь эцэстээ эмгэнэлт түүхийг бүтээж, үе дамжсан харуусалт явдал болж буй тухай өгүүлэгддэг. Тодруулбал, нэгэн цагт Жаарайгийн эхнэр Хоохойд сэтгэл татагдаж явсан Дунцаг хожмын өдөр өөрийн аз муутай хувь заяаныхаа гол буруутанг Жаарай хэмээн үзэж, түүнийг амьдарч буй нутаг орноосоо дүрвэн өөрийн уугуул нутаг руугаа явах гэж байгаа гэсэн худал цуу яриа гаргаж, тэрхүү хорон санаагаа гүйцэлдүүлдэг. Гэвч хэрэг дээрээ уг нутгийн ард иргэдийн дунд хил даван гарахыг зорьсон ямар ч үйл явдал өрнөдөггүй билээ. Зохиолч торгууд түмний баатарлаг хэрнээ, эмгэнэлт хувь заяаг зохиолын дүрүүдийн харилцан яриа, бодол санааны ертөнцөөр дамжуулан гаргаснаар хүн хоорондын болон хүн нийгмийн харилцааны эмзэг зүйлүүд өөрийн гэсэн уран сайхны ертөнц үүсгэн тусгалаа олжээ. Зохиолчын ур дүй, эв гав, идэвхи зүтгэл, сайхан монгол үг хэллэгээр донжтой бичигдсэн, энгийн атлаа агуу монгол ухаан тэмтрэгдэх “Нүүргүй хүн” роман танд бодол харууслын өөрийн гэсэн давтагдашгүй нэгэн орон зайгаа дэлгэн харуулж байна.
Зохиолч: Ж.Амгаланбаатар
Хуудасны тоо:164