1970, 80 ба 90-ээд оны Англи оронд өрнөх авч тэрхүү Англи орон бидний мэддэгээс ондоо. Тэндхийн хүмүүс маш урт наслах агаад дундаж наслалт нь зуу хэдийнээ давжээ. Учир нь клонын аргаар өөрсдийн хувилбарыг бүтээж, хэрэгцээтэй цагтаа эд эрхтнийг нь сэлбэг болгон авдаг. Ихэнх клонуудыг насанд хүрэв үү үгүй юу эд эрхтнийг нь авах тул тэд их сайндаа л гурав юм уу дөрвөн удаа эд эрхтнээ өгсний дараа үхнэ. Анхны удаа эд эрхтнээ өгөөд л амиа алдах нь ч бий. Гэвч клонуудыг “үхсэн” гэж ярихгүй, харин „to complete“ гэсэн үгийг хэрэглэдгээс харахад тэдний оршин буйн цор ганц утга учир нь эд эрхтний донор болоход оршдог нь илэрхий. Клонуудын хувьд „асрагч“ болсноор амьдрах хоногийн тоогоо арай уртасгах боломж олдоно. Кэти бол тэдгээр асрагч нарын нэг. Өөрийн түүхийг хүүрнэж эхлэх үедээ гучин нэгэн настай байх бөгөөд арван нэгэн наснаасаа хойш асрагчаар ажиллажээ. Гэвч тэрээр тун удалгүй өөрөө донор болох цаг ирж, тоотой хоногийн нас үлдсэний учир туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсана. Сэтгэл хөдөлгөхийн зэрэгцээ үймрүүлсэн энэ дурсамжаас бид Кэтийн хүүхэд ахуй болон бага залуу нас, Рут гэгч найз бүсгүйнх нь тухай, түүний найз Томмитой үүсгэсэн, урт удаан настай золгүй хайрын түүхийг, тодруулж хэлбэл он цагийн явцад олон гэнэтийн эргэлт туулсан хайрын гурвалжны тухай олж мэднэ. Клонууд үнэн хэрэгтээ сэтгэл оюуны хувьд “жирийн” хүмүүсээс ямар ч ялгаагүй байдаг нь Кэтигийн хүүрнэлээс тодорхой болдог Хайрлах, найзалж нөхөрлөх, хардах, ганцаардах гэхчлэн хүний мэдэрдэг бүхий л мэдрэмжийг тэд огтоос ялгалгүй мэдэрдэг ажээ. Цорын ганц ялгаа гэвэл тэд үр хүүхэдтэй болж чадахгүйн дээр хувь заяа нь хэрхэн төгсөх нь хэдийнээ зурагдаж шийдэгдсэн байдаг. Гэвч энэ бүхнийг өөрчлөх арга зам байдаг юм биш биз?
Зохиолын ертөнц рүү нэвтрэн орох цор ганц үүд хаалга бол Кэтигийн дотоод ертөнц, дурсамж, бодол эргэцүүлэл юм. Энэхүү роман нь Ишигүрогийн бусад бүхий л зохиолын нэгэн адил хүний оршихуйн асуудлыг мөн хөнджээ.
Зохиолч: Казүо Ишигүро
Орчуулсан: Б.Байгалмаа
Хуудасны тоо:342