Бүтээгдэхүүн хүргэлт

ИТГЭЛИЙН ХУРДНААС ИЛҮҮ ХУРДАН ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ
Хурд гэдэг… хүмүүс нэг нэгэндээ бүрэн итгэсэн үед л бий болдог.
Эдвард Маршалл
Иймээс итгэл бол бүхнийг өөрчлөгч нэг хүчин зүйл юм. Тэгээд ч өнөөгийн даяарчлагдсан нийгэмд итгэл бий болгох, бэхжүүлэх шиг цагаа олсон бас хэрэгцээтэй чадвар гэж үгүй.
Таны хүсэл сонирхол ажил эсвэл амин хувийнхаа харилцааг сайжруулахад чиглэгдсэн байхаас үл хамаарч энэ чадвар таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх болно гэдгийг би танд амлаж байна.
Энэхүү номын зорилго таныг итгэл бий болгох харах өнцөг, хэл яриа, үг үйлдэлтэй болгоход орших ба эдгээр гурван хүчин зүйлс нь эн тэнцүү чухал гэдгийг санаарай. Уг ном танд итгэл бий болгож, бэхжүүлэх чадвар ялангуяа энэ дэлхийн итгэл хүлээсэн манлайлагчдын мөрддөг 13 зан авирыг суулгаж өгнө. Та эдгээр зан авирт суралцах явцдаа буюу эдгээр зан авирыг мөрддөг болон мөрддөггүй хүмүүсийн ялгааг олж хараад итгэл бүхий тогтвортой харилцааг хэрхэн богино хугацаанд бий болгож болох өөрийн арга барилыг тодорхойлж чадна.

Энэ номын агуулгыг сайтар судлаасай гэж би танаас хүсэх байна. Хэцүү асуултуудыг асууж, асуудалтай шууд нүүр тулаарай. Би итгэл дээр төвлөрч, дэлхий дахины олон зуун байгууллага, олон мянган хүмүүстэй харилцаж байсны хувьд энэхүү аргачлал, зарчмууд нь нийтлэг бөгөөд үр дүн бүхий гэдгийг туршлага дээр баталж чадсан. Иймээс хэрвээ та эдгээр зарчмуудыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх аваас үр дүнг нь шууд мэдрэх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Та өөрийн ур чадвараа нэмэгдүүлээд зогсохгүй, итгэлтэй, тогтвортой харилцааг үүсгэх болно. Мөн танд олон боломж үүд хаалгаа нээж, нэр нөлөө тань өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Таны ажил амьдралд эрс өөрчлөлт авчрах итгэлийг бий болгох, бэхжүүлэх сэргээх, хүлээлгэх чадварыг та бүрэн эзэмших болно.