Цаасан шувуу наадуулагч

цаасан шувуу наадуулагч

Цаасан шувуу наадуулагч

25'000

Халед Хоссейни “Цаасан шувуу наадуулагч” номын тэмдэглэл:
Америкийн Афган гаралтай зохиолч Халед Хоссейни “Цаасан шувуу наадуулагч” хэмээх зохиол 2003 онд хэвлэгдсэн даруйдаа дэлхий дахинд шуугиан тарьжээ. Бага насныхаа амьдралын дурсамжаас сэдэвлэн бичсэн уг зохиол Арабын ертөнцийн гивлүүрийг сөхөж, лалын шашинт хүмүүсийн ёс заншил, ертөнцийг үзэх үзэл, итгэл бишрэл, амьдралын нүцгэн үнэнийг ямар нэгэн нэмэр хачиргүй бодитоор дүрслэн үзүүлэхдээ хүний сэтгэлийн гүнд хүрч чадах тийм энгийн хүүрнэлээр өгүүлж чадсанд энэ бүтээлийн үнэ цэн оршино. Бидний хувьд хахь ондоо, харь хөндий санагдах тэр лалын ертөнцийн цаана чухам ямар амьдрал өрнөж байгааг ний нуугүй дэлгэн тавихдаа дайн дажны хөлд эвдэрч сүйрсэн эх орноо, гэм зэмгүй мөртлөө хэлмэгдэн зовсон ард түмнээ өмөөрөх сэтгэлийн далд шаналалаа уудлан гаргаж хүний хувь заяа дан ганц Аллах тэнгэрийн хүслээр бус үйлдсэн буян нүглийн хэмжээгээр үйлийн үрээр эргэн ирдэг болохыг яруу тодорхой үзүүлсэн нь гайхалтай байлаа. Афганы баян чинээлэг айлын ганц хүү Амир, тэдний зарц болох ядуу барлаг Хассан хэмээх Хазара Монгол хүү хоёрын өсвөр насны үерхэл нөхөрлөл, тэдний зан чанарын ялгааг тод томруун үзүүлж, Хазара үндэстэн болж төрснийхөө төлөө гадуурхагдан доромжлогдож, түмэн зүйлийн гашуун зовлон амссан эмгэнэлт хувь заяаг нь зүрх зүсэм үзүүлсэн байдаг билээ. Уг зохиол гол баатар Амир өнгөрсөн үе, бага залуу насаа дурсаж байгаа хүүрнэлээр өрнөх бөгөөд “Чиний төлөө л мянга түмэн удаа байсан ч хамаа алга” гэж хэлдэг, найзынхаа төлөө доромжлол, хүчирхийлэл хүнд хэцүү бүхнийг даван туулсан ч нэг ч удаа гомдол хэлж үзээгүй эрэлхэг зоригтой, ухаалаг сэргэлэн, чин үнэнч сэтгэлтэй Хазара хүү Хассаныхаа өмнө түмэн буруутайгаа хожим хойно ухаарч харамсан шаналж, уучлал хүсэх сэтгэлийн үүднээс найзыгаа дурсан эрж хайж байгаа тэр л өр өвтгөм хэсгүүд нүдэнд минь нулимс цийлэлзүүлж байсныг хэлэх юун. Өөрт байхгүй сайн зан чанаруудыг найзаасаа олж хараад дотроо атаархах сэтгэл, хорлох сэдэл төрж байсан тэр гэнэн томоогүй насныхаа алдааг Амир ухаарч найзынхаа өмнө өвдөг сөгдөн уучлал эрэхээс нааш санаа амрахгүй сэтгэлийн зовлонд унасан хүний дотоод шаналал зовиурыг мэдрэх үнэндээ л хэцүү санагдаж байсан шүү! Лалын тулгар үзэлтэнүүд болох Талибануудын хэрцгий харгислал, Хазарачуудыг аймаглан устгах бодлого, эмэгтэйчүүдийг хавчин гадуурхаж, эмс охид балчир хөвгүүдийг хүчирхийлдэг тэр аймшигтай, хүний ёсноос гадуур зэрлэг балмад үйлдлийг уншаад өөрийн эрхгүй дотор агзасхийж, өмнөөс харамсан бачуурах тийм хүчтэй сэтгэгдэл төрж байсан юм.Дайн самууны хөлөөс дайжин Америкт дүрвэн гарсан Амирын эцэг хүүгээ хүний дайтай явуулах гэж хар бор ажил хийн хэчнээн их зовж зүдэрсэнийг хожим дурсахдаа “Нүцгэн улаан гараараа баавгайтай ноцолдсон миний аав, амьдрал хэмээх том баавгайн өмнө ч бууж өгөөгүй гэж” бахархан боддог билээ. Лалын шашинтай бүсгүй хүн нөхөрт гартлаа өөр эртэй самуурахгүй онгон хэвээрээ байх хатуу жаягийг зөрчиж олны хэл аманд өртөн гадуурхагдсан үзэсгэлэнт Сорояа бүсгүйтэй хайр сэтгэлдээ хөтлөгдөн суусан Амир хэчнээн их аз жаргалтай байсан ч үр хүүхэд заяагаагүй тэр золгүй хувь тавиланг бага залуудаа үйлдсэн нүгэлт үйлийн үр минь хэмээн гуниглан боддог билээ. Аавынхаа дотно анд Рахим Ханы урилгаар эх нутагтаа хөл тависан Амир сэтгэл зүрхнийхээ угаас эрж хайж явсан найзтайгаа учрах тавилангүй байсан ч өөр нэг гайхалтай зүйл түүнийг хүлээж байжээ??? “Хэзээ нэгэн өдөр Аллахын авралаар чи мундаг зохиолч болно. Бүх дэлхийн хүмүүс чиний зохиолыг унших болно ” гэж хэлж байсан, бичиг үсэг мэдэхгүй ч төрөлхийн саруул ухаантай, хэрсүү зантай, ном зохиолд дуртай багын найз Хассаных нь зөнтэй үг биелэлээ олж, Амир одоо нэр алдартай, баян чинээлэг зохиолч болсон хойноо төрөлх нутагтаа эргэн ирсэн боловч дайн дажин, Талибуудын хөлд сүйрсэн эх орных нь дүр төрх, хүмүүсийнх нь амьдрал ахуй хар дарсан зүүдний ертөнц мэт аймшигтай хувиран өөрчлөгдсөнийг өр өвдөж, сэтгэл урагдахаар дүрслэн бичсэн байдаг билээ. Санамсаргүй тохиолдлоор хар багын өстөнтэйгээ нүүр учрах хувь заяаны огтлолцол таарч, үнэнч андынх нь доромжлуулсан өс хонзонг хорвоод дээр үлдсэн ганц үр нь авах юм гэж хэн санах билээ. Үйлийн үр боловсорч гүйцэх цаг нэгэнт болсон бол цаашдын үр дагавар нь тодорхой байдаг ажээ. Аллах тэнгэртээ үнэнч яваа, нүглээс ангид хэнийг ч болов хувь заяа өршөөнө! Аллахын нэр барьсан шашны фанатууд энд огтхон ч хамаагүй шүү гэдгийг зохиолч дахин дахин сануулж байна. Тэдний соёл, ёс уламжлал, эртнээс мөрдөж ирсэн зан заншил биднээс тэс ондоо! Тэглээ гээд бид тэднийг буруутгах учиргүй, үнэн болгон өөрийнхөөрөө оршиж байгаа учраас тэр юм. Үйл явдал бүрий нь шимтэн уншиж, сэтгэлийн хөдлөлөө дарж ядан суухдаа бид ямар их жаргалтай хүмүүс вэ гэж өөрийн эрхгүй уулга алдсан юм. Зохиолд гарч буй маш олон үйл явдлыг тоочиж тодорхойлох нь хэцүү бэрхээс гадна та өөрөө амтархан уншвал үнэхээр гайхан бишрэх болно. Сэтгэлд юм бодогдуулж, нүдэнд нулимс хуруулдаг зохиол гэж товчхон дүгнэн хэлмээр байна. Үнс нурманд булагдсан эх орноо утга зохиолоор дэлхийн дэвжээнд гаргаж ирэхдээ Монгол угсаатан Хазарачууд гэж ийм сайхан хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй хүмүүс байдаг юм аа гэдгийг давхар харуулж чадсан нь гайхалтай байлаа. Аливаа зохиолын сэдэв, үйл явдал хэзээ ч хуучрахгүй цагийн шалгуурыг даван туулж хүний сэтгэл оюуныг татсаар байх юм бол тэр сонгодог зохиол гэсэн энгийн шалгуурт нийцэж байгаа юм.”Цаасан шувуу наадуулагч” роман бол орчин цагийн сонгодог реалист зохиол гээд шуудхан хэлчихэд нэг их хилсдэхгүй байхаа. Та өөрөө уншаад л үз! Зохиолын төгсгөлд Сухраб нэртэй нэг Хазара жаалхүү гарч ирнэ. Тэр хүү бүх учрыг тайлах учиртай юм даа. Анхны зохиолоороо дэлхийн дэвжээнд гарч ирнэ гэдэг уран бүтээлч хүнд ховорхон олдох зол завшаан биз ээ. Дараагийнх нь зохиолуудыг хурдхан унших юмсан гэж хорхой хөдлөөд байна шүү! (Хөх Толбот Д.Төмөр-Очир)

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу